Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал
“Нэн тэргүүнд ХАБ-2015” бага хурал энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү бага хурлыг Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам, Уул уурхайн яам, Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байна.
Уул уурхайн сайд Р.Жигжид “Нэн тэргүүнд ХАБ-2015” бага хуралд оролцож хэлсэн үгэндээ “Баялаг бүтээгчид уул уурхайн үйлдвэрлэлийн төслийн үр өгөөж, ашиг орлого бодохын өмнө салбарын ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэн тэргүүнд тавьж ажиллах нь зүйтэй байна” гэдгийг онцолж байлаа.
Уул уурхайн яамнаас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн” 176 дугаар конвенцид нэгдэн орох асуудлын Засгийн газар, УИХ-ын төвшинд хэлэлцэн шийдвэрлүүлэн ажиллаж байна. Уг конвенцид нэгдэн орсоноор уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг тодорхойлох, холбогдох эрх бүхий байгууллагын үүрэг хариуцлага, осол гэмтлийг мэдээлэх, тайлагнах, судлах, шалтгааныг олж илрүүлэх талаар үндэсний мэдээллийн сантай болох зэрэг нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн ажиллагсдыг мэдээллээр хангах, мэргэжлийн сургалтад хамруулах замаар болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх, компанийн зүгээс эрсдлийг арилгах, хянах, бууруулах, нэг бүрийн хамгааллын хэрэгслээр хангах зэрэг шат дараалсан арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
УИХ-ын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийн 2 дугаар зүйлийн 2.1.7-д “эрдэс баялгийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, стандартыг олон улсын түвшинд хүргэж, хэрэгжилтийг хангах” зорилтыг дэвшүүлсэн.
Энэ зорилтын хүрээнд манай яамнаас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн геологи, уул уурхай, газрын тосны салбар хороо”-г байгуулж, улмаар геологи, уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийг боловсруулж салбарт мөрдүүлж ажиллах бодлого баримтлан ажиллаж байна.