Засгийн газар уул уурхайн салбарыг дэмжиж ажиллана
Засгийн газар байгуулагдсан цагаас хойш салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж санал солилцож байгаа юм. Энэ удаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нар уул уурхай, эрчим хүчний салбарын 100 гаруй төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирсэн төлөөлөгчдөд хандаж үг хэллээ. Тэрээр “Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 26 орчим их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй үйл ажиллагаа явуулах тооцоолол гарсан. Үүнээс 12 их наяд төгрөг нь уул уурхай, эрчим хүчний салбартай холбоотой. Өөрөөр хэлбэл ирэх дөрвөн жил Засгийн газрын хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас тал хувь нь уул уурхай, эрчим хүчний салбарт зарцуулагдана. Тэр хэрээрээ тодорхой хэмжээний бүтээмж гарна гэсэн төсөөлөлтэй байна. Энэхүү уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, дараа дараагийн уулзалтаар үр дүнгээ тооцдог байя. Нэгдсэн уулзалтаас салбарын бодлогын түвшин дэх уялдаа холбоог гаргаж ярилцдаг байх нь чухал гэж үзэж байна” гэлээ.