Эрдэнэсийн эрэлчид баяраа тэмдэглэлээ
Монголын геологичдын өдөр,Монгол Улсад үндэсний геологийн алба үүссэн байгуулагдсаны 77 жилийн ой тохиож байна.
Баярыг тохиолдуулан геологи, уул уурхайн салбарт үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан “Тэргүүний геологич” цол тэмдгээр Д.Туяацэцэг, Ю.Бямбасүрэн, Н.Сарангуа, Ж.Гэрэлт-Од, Г.Ариунболд, П.Дашням, Ч.Мэндбаяр, Н.Болдбаяр, О.Чойжилсүрэн нарыг, “Тэргүүний уурхайчин” хүндэт тэмдгээр Ү.Бадамгарав, Б.Сийлэгмаа, У.Алтанцэцэг нарыг, УУХҮЯ-ны Жуух бичгээр Г.Одбаяр нарыг шагнажээ. Шагналыг УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж, дэд сайд Х.Бадамсүрэн, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нар гардуулж баяр хүргэв.
Мөн Монголын геологичдын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС дээр болж, УУХҮ-ийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт нар геологичдодоо баяр хүргэж үг хэллээ.
Дэлхийн үүсэл хөгжил, хувьсал өөрчлөлтийн нууцыг танин мэддэг геологи, эрдэс баялагийн салбарын эрдэмтэн, академич О.Төмөртогоо “Монголын геологи судлалын ойрын зорилтууд”, Р.Барсболд “Нэмэгэтийн үлэг гүрвэлүүд”, Б.Уянга “Баруун өмнөд Монголын неопротерозой”, Н.Баатар “Геологийн салбарын тулгамдсан асуудлуул, шийдвэрлэх арга зам” зэрэг энэ салбарын хөгжлийн түвшин, цаашдын хандлагыг тодорхойлох олон сонирхолтой сэдвээр илтгэл тавив.
Геологичид салбарынхаа нэрийг уул уурхайгаас ялгаа бүхий шинжлэх ухаан гэдгийг онцлоод “Энэ Засгийн газар ойрын 1-2 жилд амжуулан Үндэсний геологийн албыг байгуулж чадвал 2025 он гэхэд Монголын геологи судлал төдийгүй улсын эрдэс баялгийн салбар эрчимтэй хөгжлийн замдаа орно” гэв. Хурал шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Магматизм: Горхи-Тэрэлж” баримт киногоор өндөрлөв.
Аж үйлдвэрийн яамны дэргэд 1939 онд байгуулсан Уурхай, ашигт малтмалын трестийг Монголын геологийн албаны үүсэл гэж албан ёсоор үздэг бөгөөд тэр цагаас хойш 77 дахь намартайгаа золгоод буй эрдэнэсийн эрэлчид маань хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж, Богд уулын ноён оргил Цэцээ гүнд авирлаа.