УУХҮЯ-ны хэлтсийн дарга С.Мандахбат: Уул уурхайн салбар Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад онцгой үүрэгтэй
"Уул уурхай, эрдэс баялаг, метал ба тогтвортой хөгжил Засгийн газар хоорондын Форум"-ын ээлжит 12 дугаар уулзалт Швейцарь улсын Женев хотноо өнгөрсөн долоохоногт болсон. Энэ талаар Засгийн газрыг төлөөлөн оролцсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбаттай ярилцлаа.
"Уул уурхай, эрдэс баялаг, метал ба тогтвортой хөгжил Засгийн газар хоорондын Форум (IGF)"-ын талаар Та манай уншигчдад танилцуулна уу?
2002 онд Өмнөд Африкийн Иоханнэсбург хотод болсон Тогтвортой Хөгжлийн Дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр анх уул уурхай ба тогтвортой хөгжлийн зорилт, боломжуудын талаар онцгойлон хөндөгдөж яригдсан байдаг. Уул уурхайтай улс орнуудын сайн дурын үндсэн дээр бий болгосон санаачилга бөгөөд жил бүрийн уулзалтыг 2005 оноос хийж эхэлсэн юм. Манай улс 2006 онд энэ санаачилгад нэгдсэн. Өнөөдрийн байдлаар 56 орон гишүүнээр элссэн бөгөөд сая хурлын үеэр Либер улс албан ёсоор элсэн орлоо. IGF буюу энэхүү Форумын үндсэн зорилго нь 2015 онд 190 гаруй улс орны лидерүүдийн баталсан Тогтвортой Хөгжлийн Зорилтууд 2030-ыг хэрэгжүүлэхэд Уул уурхайн салбарын хувь нэмрийг илүү үр дүнтэй болгох, ингэхийн тулд энэ салбарын хамгийн шилдэг туршлагын талаар санал солилцох, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, боломж бололцооны талаар уул уурхайтай дэлхийн улс орнуудын Засгийн газруудаас хамтран гаргасан санаачилга юм.
Монгол Улсын хувьд ямар байдлаар энэ форумд оролцож байна вэ, үр ашиг нь юу байх вэ?
Хөгжиж байгаа орнууд энэ байгууллагын гишүүн орон байсныхаа төлөө ямар нэгэн төлбөр, хураамж төлөх шаардлагагүй. Үндсэн хоёр чиглэлээр форумын зүгээс Засгийн газруудтай хамтран ажиллаж туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Нэгдүгээрт, тухайн орны уул уурхайн бодлогод үнэлгээ, дүгнэлт хийж тайлан бэлтгэн өгдөг. Энэхүү тайланд үндэслээд тодорхой чиглэлэлүүдийг сонгоод сургалт, техникийн туслалцааг үзүүлдэг юм.
Уул уурхайн салбар Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад онцгой үүрэгтэй. Монгол Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сард "Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлал 2030"-ыг баталсан. Энэ үзэл баримталалд "Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ.", "Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна.", "Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно." зэрэг томоохон зорилгод хүрнэ гэсэн байгаа шүү дээ.
Манай орон өөрийн уул уурхайн бодлогодоо үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу Форумын зүгээс энэ оны 08 дугаар сард холбогдох шинжээч, мэргэжилтнүүдийг Монголд ажиллуулсан. Бид сая бас тэдэнтэй уулзаж ярилцлаа. Урьдчилсан байдлаар үнэлгээний тайлан гарсан бөгөөд энэ ондоо багтаагаад албан ёсоор гарна гэж бодож байна. Үүний дараа 6 үндсэн чиглэлээс зарим хэсгийг тухайлбал, уурхайн хаалт, орон нутгийн харилцаа, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх гэдэг ч юмуу чиглэл сонгон авч байгаад сургалтууд зохион байгуулах, техникийн туслалцаа авах үйл ажиллагаа явагдана. Дахин онцолж хэлэхэд энэ бол ямар нэгэн зээл биш, буцалтгүй тусламж гэдгийг хэлмээр байна.
Сая Женевт болсон хурлын үеэр юу яригдсан юм бол? Уул уурхайтай орнуудад ямар хүндрэл бэрхшээл, бас боломж бололцоо гарч байна?
Шинэ мянганы эхэнд Дэлхийн лидерүүд Нью-Йоркт цуглараад "Мянганы Хөгжлийн Зорилтууд"-ыг тодорхойлсон. Энэ зорилтуудын хэрэгжилт нь сая 2015 онд дуусч, лидерүүд дахин цугларч "Тогтвортой Хөгжлийн Зорилтууд" гэж баталсан. 2016 оны 01 сарын 01-ээс эхэлсэн энэ Зорилтууд нь Үндсэн 17 хэсэгтэй. Тэгэхээр Женевт болсон хурлын үндсэн гол сэдэв нь 2030 он хүртэл Дэлхий даяар зорилго болгон тавьсан энэхүү 17 Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэхэд Уул уурхайн салбарын хувь нэмэр ямар байх вэ, аль хэсэгт нь уул уурхай илүү их нөлөөтэй оролцож болохоор байна вэ гэдэг талаар улс орнууд ярилцсан юм.
Тухайлбал ядурлын бүх хэлбэрийг устгах, цэвэр ус, эрчим хүч, ажлын байр ба эдийн засгийн хөгжил, үйлдвэрлэл, дэд бүтэц, Шударга ёс гэх мэт энэ чиглэлээр уул уурхайн салбар хэрхэн оролцох, үр ашгийг дээшлүүлэхийн тулд хууль эрх зүйн, татвар, төсөвийн гэх мэт ямар арга хэмжээнүүд байгаа, энэ чиглэлд дэлхий нийтийн хандлага, сүүлийн үеийн хамгийн шилдэг туршлагуудын талаар санал солилцсон маш үр дүнтэй хурал боллоо гэж хувьдаа дүгнэж байна.
Энэ талаар мэдээллийг хэрхэн олж авч болох вэ?
Форумын вэб сайт www.igfmining.org дээр дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Уул уурхайн салбарт ажилладаг, сонирхдог төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн аливаа байгууллагын хувьд маш чухал мэдлэг, мэдээллүүд энэ цахим хуудсанд байж байгаа. 2005 оноос болсон жил бүрийн уулзалтууд, түүн дээр тавигдсан илтгэлүүд, гарсан шийдвэрүүд гээд бүх мэдээллийг үзэж болно.
Форумд зөвхөн Засгийн газрын төлөөлөл оролцдог юм уу?
Үндсэн оролцогчид нь Засгийн газрын төлөөлөл байна. Гэхдээ хувийн хэвшил буюу уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн төлөөллийн зарим хүмүүс ч уригдаж оролцдог. Тухайлбал, манай Монголын иргэний нийгмийн төлөөлөл зохион байгуулагч талын урилгаар оролцсон.
Хурлын үеэр бид уул уурхайн салбарт хэрэгжүүлж байгаа маш олон санаачилгуудын талаар олж мэдсэн. Тэдгээр санаачилгуудад Монгол Улс оролцох боломжтой юм билээ. Эдгээр санаачилгыг хариуцсан хүмүүстэй үүсгэсэн харилцаа холбоогоо цаашид улам гүнзгийрүүлж илүү үр дүнтэй хамтын ажиллагааг гадаад харилцааны хэлтсээрээ дамжуулан гүнзгийрүүлнэ гэж бодож байна.
Танай яам болоод таны хувьд энэ удаагийн форумын дараа ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
Юуны өмнө би хамт явсан Геологийн бодлогын газрын даргын хамт яамныхаа хамт олонд явсан ажил, хурлын үеэр тавигдсан гол асуудлын талаар мэдээлэл өгч, олж авсан шинэ мэдлэгээ хуваалцана. Манай уул уурхайн салбарын бодлогод үнэлгээ хийж байгаа талаар түрүүн дурьдсан. Цаг хугацааны хувьд маш оновчтой үе тохиож байгаа. Яг одоо Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсаны дараа бид бодлогын баримт бичгүүддээ хөрөнгө оруулалтыг татсан, салбарын уялдаа холбоог сайжруулсан ажлуудыг хийхэд энэ форумаас гарах үнэлгээ, түүний дараа бидэнд өгөх сургалт, техникийн туслалцаа авснаар Дэлхийн хамгийн шилдэг туршлагын талаар сонсож түүнийг эх орондоо нэвтрүүлэх боломж бий болно гэж найдаж байна.
Энэ жилийн уулзалтын хамгийн онцлог сэдвүүд юу байсан бол?
G20/OECD-ын хүрээнд үндэстэн дамнасан корпорацудын татвар бага төлөх зорилгоор оффшор компаниудыг байгуулж хөрөнгө оруулалт хийж байгаа, мөн түүнчлэн өөрсдийн охин компаниудаар дамжуулж туслан гүйцэтгэх гэрээг маш ихээр хийж байгаа зэрэг нь уул уурхайтай хөгжиж буй орнуудын төсвийн орлого, тухайн баялагтай орны иргэдэд очих үр ашгийг эрс багасгаж байгаа талаар онцлон ярилцсан. Мөн түүнчлэн технологийн хөгжил дэвшил, автоматчилал нь уул уурхайн салбар дах хөдөлмөр эрхлэлт гэх мэт нийгмийн лицензэд хэрхэн нөлөөлж болзошгүй байгаа, дотоод худалдан авалт хэрхэн ангилж тодорхойлох, дотоодын худалдан авалт гэдэг нь зүгээр гадаадын бараа бүтээгдэхүүнийг дотоод компани импортолж оруулж ирснийг тооцож болох эсэх, дотоодын гэсэн компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байвал хэрхэх вэ гэх мэт асуудлыг хэлэлцлээ.
Ер нь уул уурхайн салбарт Монголчуудад тулгараад байгаа асуудал нь цугларсан дэлхийн өндөр хөгжсөн болоод хөгжиж буй 55 оронд байж л байна. Тийм л учраас улс орнууд зовлон, жаргалаа хуваалцаж бие биенээсээ суралцаж байгаа нь энэ юм. Манай орны хувьд ч эдгээр орнуудтай харьцуулахад давуу зүйлс ч байна, дутуу дулимаг зүйлс ч байна. Би "Уул уурхай ба ил тод байдал" гэсэн хуралд илтгэгчээр оролцож Монголынхоо туршлагаас хуваалцаж, ямар мэдээллүүдийг уул уурхайн компаниудаас авах шаардлагатай байдаг талаар санал бодлоо илэрхийллээ.
Эх сурвалж: “Үндэсний Шуудан”2016.11.01 №209 (2650)