Д.Ганбат: Шороон ордын шавхагдаж буй нөөцийг өсгөн нэмэгдүүлж, бэлтгэгдсэн үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг болсон
-1992 онд “Алт-1” үндэсний хөтөлбөр хэрэгжсэн. Тэгэхээр тухайн үед Монголын эдийн засаг ямархуу төлөвтэй байсан болоод, ямар шалтгааны улмаас улсаас энэхүү хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэхээр болсон юм бэ. Түүнчлэн хөтөлбөр хэрэгжсэнээрээ эдийн засагт хэрхэн нөлөөлж, ямар ахиц гаргасан болоо?
-1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Алт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталж, 1992 оноос хэрэгжиж эхэлсэн. Тухай үед Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж байсан учраас эдийн засаг уналтанд орсон, бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн нэлээд хүндхэн нөхцөл байдалд байсан. Бараа материал төдийгүй хүнсний хомсдолд орчихсон мөн нийгэмд ажилгүйдэл нүүрлэчихсэн, бэлэн мөнгөний хомсдол үүсчихсэн гээд хүндхэн он жилүүд тохиож байсныг эдийн засагчид, судлаачид тодорхойлдог. Энэхүү хүндрэлтэй байдлаас гарах нэг арга зам нь “Алт” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, өмнө нь олдсон, судлагдсан алтны ордуудыг ашиглах замаар эдийн засагт бэлэн мөнгөний эргэлтийг бий болгох, цаашлаад валютын нөөц үүсгэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх гэж санаачлан гаргаж байсан. 1991 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд ашиглалтад бэлтгэсэн 100 гаруй тонн алтны нөөц бүртгэгдсэн байсан. Гэхдээ тухайн үед хэрэгжиж байсан хөтөлбөр нь голчлон алтны шороон ордын нөөцийг ашиглахад чиглэгдэж байсан юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр 1992 онд 0.8 тонн буюу нэг тонн ч хүрэхгүй алтыг жилдээ олборлодог байсан бол 2001 онд 13.7 тонн алт олборлосон нь өмнө нь олборлож байснаас 17 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс үүдэн эдийн засгийн эргэлт хурдасч, хүмүүсийн амьдралын нөхцөл байдал сайжирч, эдийн засгийн хүндрэлээс гарахад нэг чухал алхам болсон. Мөн алтны үйлдвэрлэлд ажиллагчдын тоо эрс нэмэгдсэн юм. Шинээр 10.0 мянга гаруй ажлын байр бий болсон гэсэн тоо байдаг. Дээрээс нь 1992-2012 оны хооронд нийтдээ 200 гаруй тонн алт олборлож, 2.8 тэрбум долларын бүтээгдэхүүн экспортолсон, Монголын эдийн засагийн уналтыг зогсоож, өсөлтийг нэмэгдүүлсэн гээд яривал алт хөтөлбөрөөс үүдсэн ололт, амжилт тун их байгаа. Тухайн үеийн эдийн засгийг хямралаас гаргахад шийдвэрлэх үүргийг энэхүү хөтөлбөр л гүйцэтгэсэн гэж үздэг дээ.
– Энэ удаагийн хэрэгжихээр болсон хөтөлбөрийг яагаад дахин “Алт-2” гэж нэрлэсэн юм бол. Уг нь бол “Алт-3” гэж нэрлэх ёстой юм шиг санагдаж байна. Магадгүй нэг талаараа өмнө нь хэрэгжиж байсан “Алт-2“ хөтөлбөрийн үр дүн хангалтгүй байсан болохоор дахин хэрэгжүүлэх гэж байна гэж зарим хүмүүс бодож магадгүй юм?
– 1992 он хэрэгжсэн “Алт” хөтөлбөрийг “Алт-1” гэж нэрлэж байгаа. Харин 1997 онд хэрэгжсэнийг нь “Алт-2000” гэсэн байдлаар томьёолж гаргаж байсан. Тэгэхлээр хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн хүрээнд энэ удаагийн хөтөлбөрийг “Алт-2” гэж нэрлэж байгаа юм л даа. Түүнээс өмнө нь хэрэгжиж байсан “Алт” хөтөлбөрүүдийг үгүйсгэж байгаа юм огт биш.
-Өмнө нь хэрэгжиж байсан Алт хөтөлбөрүүд эдийн засгийг сэргээж эрчимжүүлсэн л гэж байна. Тэгэхээр хөтөлбөр хэрэгжсэний нөлөөгөөр яг ямар үр дүнг үзүүлж байсан юм бол. Мөн одоо хэрэгжих гэж байгаа “Алт-2” хөтөлбөрийн үр дүнг хэрхэн тооцоолж байна вэ?
-Өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүд ер нь бол эдийн засгийг сэргээж, уналтаас гаргах гэсэн үндсэн зорилго, чилэлттэй хэрэгжиж байсан. Ингэж хэрэгжсэнээрээ ч тодорхой үр дүнд хүрсэн. Мөн уул уурхайн салбар хөгжихөд маш том түлхэц болсоноос гадна энэ салбарт хувийн хэвшлийнхний үүрэг, оролцоог нэмэгдүүлж өгсөн. Дээрээс нь улсын валютын нөөц нэмэгдсэн. Жишээ нь: 2005 онд 24.1 тонн алтыг олборлосон нь одоогийн байдлаар хамгийн өндөр үзүүлэлт юм. Тухайн жил 23.8 тонн алт экспортлосон нь нийт экспортын орлогын 31 хувийг эзэлж байсан. Харин өнөөдрийн бидний хэрэгжүүлэх “Алт-2” хөтөлбөрийн зорилго чиглэл болон өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдээс ялгагдах онцлог нь хариуцлагатай ил тод уул уурхай, байгаль орчинд ээлтэй техник технологи, байгаль орчны нөхөн сэргээлт, түүний хяналт, хариуцлагын тогтолцоог бий болгох гэсэн үндсэн шаардлагуудаар ялгарч байгаа юм. Өөрөөр өмнөх “Алт” хөтөлбөрийн хөгжлийн 2-р дугаар шат болох хариуцлагатай уул уурхайг бий болгох чиглэлд одоогийн энэ “Алт-2” хөтөлбөр хэрэгжих гэж байна. Гэхдээ уул уурхай явуулж байгаа компаниуд нь байгаль орчинд ээлтэй техник технологи ашиглан үйл ажиллагаагаа явуулах, уурхайн нөхөн сэргээлтийг стандартад нийцүүлэн хийх, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудалыг иж бүрэн хэрэгжүүлэх, цаашилбал дээрхи үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоог тус чиглэлүүдтэй холбоотойгоор бий болно гэсэн бодлоготой байгаа. Дээрээс нь 1997 онд байсан алтны шороон ордны нөөц 200 гаруй тонн бэлтгэгдсэн байсан. Харин өнөөдрийн байдлаар шороон ордны бэлтгэгдсэн нөөц 27-30 тонн орчим л байна. Тэгэхлээр бид шороон ордын шавхагдаж байгаа нөөцийг тодорхой хэмжээгээр өсгөн нэмэгдүүлэх, бэлтгэгдсэн үндсэн ордыг эргэлтэд оруулах мөн технологийг нь гаргаж тавих, ашиглах гэх зэрэг чиглэлүүдийг барин хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
– “Алт-1”, “Алт2000” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаанд хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт орж, “Урт нэртэй хууль”, “Ашигт малтмалын тухай хуулийн, Өсөн нэмэгдэх албан татварын тухай”-хууль батлагдан нэг хэсэгтээ алтны салбар эргээд л гэнэтхэн уналтад орсон. Тэгэхээр одоо хэрэгжих гэж буй “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд ийм эрсдэл тохиох боломж бий юм. Мөн алт тойрсон хууль эрхзүйн орчин нь ямархуу байгаа юм болоо?
– Алтны үйлдвэрлэлд 68 хувийн татвар гэж ярьдаг “Өсөн нэмэгдэх албан татварын тухай” хууль, мөн “Урт нэртэй” хуулийн үйлчлэлүүд нь алтны үйлдвэрлэлд ихээхэн нөлөөлж байсан нь үнэн. Гэхдээ өнөөдрийн бидэнд байгаа хууль эрхзүйн орчин харьцангуй тааламжтай нөхцөлүүдийг бүрдүүлсэн. Тухайлбал “Өсөн нэмэгдэх” хуулийн хүрээнд байсан 68 хувийн татварыг хүчингүй болгочихсон. Дээрээс нь “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлтийг оруулж чадсан юм. Үүнд орсон өөрчлөлт нь алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгосон явдал юм л даа. Энэхүү заалтуудаар Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ жилээс жилд өсөх хандлагатай байгаа нь харагдаж байгаа. Жишээ нь, 2014 онд 12 тонн алтыг Монголбанк худалдан авсан байдаг бол 2015 онд 14.7 тонн болсон. Харин өнгөрсөн 2016 оны гүйцэтгэлээр 18 тонн гаруй металлыг Монголбанкинд тушааж чадсан байдаг. Тэгэхлээр энэ нь хууль эрх зүйн болоод татварын орчин нь тодорхой хэмжээнд сайжирсны илэрхийлэл.
– Өмнө нь хэрэгжиж байсан алт хөтөлбөрүүдийн хүрээнд онож хожсон талууд ч байгаа алдаж эндсэн талууд ч мөн байгаа. Тэгэхээр үүнээс үүдээд юуг асуух гээд байна вэ гэхээр хөтөлбөр дөнгөж хэрэгжиж эхлээд л хувираа алт олборлогчид буюу хар үгээр бол “Нинжа” гэх нэр томъёо гарч эхэлсэн. Тиймээс энэ удаагийн хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд энэхүү хувиараа алт олборлогчдод хэрхэн анхаарлаа хандуулахаар болсон бэ? Эдгээр хүмүүст тусгайлан бодлого хэрэгжүүлэх үү?
– Тэгэхээр шинээр хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд үндсэн таван зорилтыг дэвшүүлсэн. Үүнийг хоёр үе шаттайгаар дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.Дэвшүүлэн гаргаж ирсэн таван зорилтод эхний ээлжид хууль эрхзүй, татварын орчныг тогтвортой байлгах мөн цаашид улам боловсронгуй болгоход анхаарлаа хандуулах. Хоёрдугаар зорилт нь нь алтны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд геологи судалгааны болон хайгуулын ажлын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох ажлуудыг хийснээр дөрвөн жилийн хугацаанд 100-150 тонн үйлдвэрлэлийн нөөц бэлтгэх, Түүнчлэн гуравдугаар асуудал нь хариуцлагатай, ил тод уул уурхайг бий болгох. Мөн техник технологийн дэвшил гаргаж, хаягдалгүй олборлох, хөдөлмөр хамгаалах аюулгүй ажиллагааг хэвшүүлэх гээд уул уурхайн олборлох чиглэлийн тал руугаа анхаарч ажиллаж байгаа. Дээрээс нь алтыг цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах, нэмүүн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн асуудлууд орж ирж байгаа. Харин дөрөвдүгээр асуудлын хувьд байгаль орчин, нөхөн сэргээлтийн асуудалтай холбоотой зүйл багтсан. Байгаль орчинтой холбоотой асуудлуудыг иж бүрнээр нь шийдвэрлэх, стандартуудыг хэвшүүлэх мөн дээрээс нь хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудал хөндөгдөж байна. Тавдугаарт нь түрүүний өөрийн тань асуусан асуудалтай холбоотойгоор бид бүхэн бичил уурхай олборлогчидтой холбоотойгоор эдгээр хүмүүст зориулсан дүрэм, журамыг боловсронгуй болгохоос гадна хөдөлмөр аюулгүй ажиллагааны сургалт семинарыг зохион явуулахаар болсон. Мөн бичил уурхайгаар ажиллаж байгаа хүмүүсийн алтыг авах сүлжээг бий болгох гэх зэрэг зүйлсийг хэрэгжүүлэх болно. Ер нь энэ асуудал дээр миний харж буй өнцөг бол бичил уурхай эрхлэгчид буюу гар аргаар алт олборлогчдыг тодорхой хэмжээнд хумих ёстой л гэдэг байр суурьтай байдаг. Энэ асуудал үүсээд байгаа гол нөхцөл нь манай улсын эдийн засагтай шууд холбоотой гэж харж байгаа. Яагаад гэвэл эдийн засаг сул дорой, хөгжил нь муу байх тусмаа энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс олширч, улам газар авч байгаа юм болов уу гэж боддог. Мөн бичил уурхай эрхлэгчид нь тодорхой аймаг, нутаг дэвсгэрийн хэмжээнд заагдсан газруудад л энэ үйл ажиллагааг явуулж болно гэж хуулинд тусгагдсан байдаг. Харин цаашид энэ хүмүүсийн нэгтгээд нөхөрлөл, компани болгож өсөн дэвжүүлэх тэр тал руу нь хандах ёстой гэж харж байгаа.
– Тэгэхээр эдгээр хүмүүсийг мэргэшүүлэх л ёстой юм байна шүү дээ. Ингэснээр аль аль талдаа ашигтай болж хувирна гэсэн үг үү?
-Хариуцлагатай ил тод уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгох зорилт тавиад ажиллаж байгаагийн хувьд гар аргаар олборлох гэдэг асуудал нь утгагүй зүйл л дээ. Тийм учраас бичил уурхай эрхлэгчдын тухайд “Ашигт малтмалын тухай хууль”-д юу гэж тусгагдсан байдаг гэхээр, техникийн хувьд ашиглах боломжгүй, эдийн засгийн үр ашиггүй, нөөц, агуулга багатай, бага гүнд байгаа, тийм хэмжээний жижиг орд газруудад бичил уурхайг эрхэлж болно гэсэн байгаа. Түүнчлэн ашиглалтын үйл ажиллагаанаас үүссэн үүсмэл орд, хаягдлын овоолго гэсэн газарт л бичил уурхайг эрхэлж болно гэж байдаг. Гэхдээ тухайн орон нутагтай тохиролцсоны үндсэн дээр тийм газруудыг сонгож тэнд ажиллуулж болно.
Миний хэлэх гэсэн санаа бол бичил уурхай эрхлэгчид нь дээрхи нөхцөл байдалд ажиллаж байгаагаас дэвжиж, дээшлэх боломж хязгаарлагдмал, өргөжин тэлэх бололцоо муутай юм. Мөн бичил уурхай эрхлэгчдийн аюулгүй байдал, эрүүл мэнд болон байгаль орчин нөхөн сэргээлт гээд бүхийл талдаа хохиролтой болж хувирч байгаа юм. Харин эдгээр хүмүүсийг мэргэшүүлж, мэргэжлийн аж ахуй нэгжүүдтэй нэгтгэн тогтсон ажлын байртай болгосноор дээрх хүндрэлүүд бага ч гэсэн шийдвэрлэгдэнэ л гэсэн үг.
-Монгол банкны зүгээс алт олборлогчдод хэт өдөр шаардлага тавьдаг. Мөн нөгөөтэйгүүр уурхай эрхлэгчдэд хүрч үйлчлэх чадамжийн хувьд дутмаг учраас олборлосон металлыг дотооддоо эргэлтэд оруулж чадалгүй урд зүгрүү гаргаад явуулчихдаг талууд ажиглагддаг. Тэгэхээр энэхүү нөөцийг дотоодын эдийн засгийн эргэлтэд оруулах болон худалдаж авах нөхцөлдөө хэрэгжүүлэх уян хатан бодлого гэмээр зүйл “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих үү?
– Монгол банкны зүгээс энэ тал дээр анхаарлаа хандуулаад авах ёстой арга хэмжээг аваад бодлого хэрэгжүүлээд явж байна.Тэдний хувьд дэлхийн зах зээл дээр зарлагдаж байгаа алтны ханштай дүйцэхүйц хэмжээнд алтыг худалдаж авахаар болсон. Дээрээс нь Алт хөтөлбөрийн хүрээнд алтны ордын олборлолт төвлөрсөн аймгуудад өөрсдийн салбаруудаар дамжуулан, олборлосон бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжийг судалж байгаа.
– 2012-2016 оны хооронд “Эрдэс баялгийн бирж” нээх асуудал яригдаж байсан. Үүний хэрэгжилт ямар төвшинд явж байна. Мөн тус биржийг нээснээр ямар ашиг тустай вэ. Цаашлаад Монголын эдийн засагт энэ нь хэрхэн нөлөөлөх юм бол?
– “Эрдэс баялгийн бирж” гэх ойлголт нь худалдааг нээлттэй байлгаж, чөлөөтэй болгоход дэмжлэг үзүүлэх л ажил л даа.Гэхдээ энэ тухай асуудал буцаан татагдсан.
-Монгол Улсын алтны нөөц одоогийн байдлаар хэдэн тонноор тоологдож байна. Ойрын үед шороон ордны нөөц багасаж байна гэсэн мэдээлэл гарч байгаа. Тэгэхээр “Алт” хөтөлбөрийн хүрээнд шинээр орд нээх, хайгуулын ажил зохион байгуулна гэсэн. Ер нь энэ ажлыг хэдийд ямар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэх вэ?
– Одоогийн байдлаар шороон ордын нөөц хувьд 30 гаруй тонн байгаа. Бид эхний ээлжид эрэл шалгалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгээд явж байна. Энэхүү ажил нь энэ ондоо багтаан эхэлнэ. Ажлын хүрээнд алтны гол дүүрэг болсон төв, зүүн Монголын хэмжээнд өмнө нь судлагдаж байсан алтны илрэл, эрдэсжсэн цэг тэмдэглэгдсэн газруудыг шалгаж, хэтийн төлвийг тогтоон талбай ялгах юм. Харин хайгуулын ажлын хүрээнд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрлүүдийг олгож байна. Өргөдлийн журмаар 18 сая орчим га талбайд тусгай зөвшөөрөл нэмж олгохоор болж байна.
Тэгэхээр бид нар хоёр хэлбэрээр буюу нэг нь улсын төсвийн хөрөнгөөр алтны чиглэлийн ерөнхий судалгааны ажлыг эхлүүлээд байгаа юм. Дээрээс нь тусгай зөвшөөрлийн олголтыг нэмэгдүүлэх замаар хувийн хөрөнгийг татаж алтны ордуудын нөөцийг өсгөх, илрүүлж тогтоох ажлуудыг төлөвлөөд явж байгаа юм.
– Алт олборлох тусгай зөвшөөрлийг одоогийн байдлаар хэчнээн компанид өгсөн байна вэ?
-2017 оны гуравдугаар сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл 1580-аад олгогдсон байна. Үүнээс алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан нь 35 хувь нь буюу 500 гаруй лиценз олгогдсон байна. Үүүнээс 2017 онд ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар 150-иад аж ахуй нэгж төлөвлөгөөгөө ирүүлээд байна.
-Тэгэхээр эдгээр компаниудад ямар нөхцөл шаардлагыг тавьж тусгай зөвшөөрөл олгосон юм бол?
– Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ордын нөөцөө батлуулаад, батлуулсныхаа дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл авч байгаа учраас энэ төрлийн болзлыг хангасан компаниудад л олгогдож байгаа гэсэн үг.
1997 оноос 2006 оны хүртэлх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давуу эрхийн хүрээнд нөөц батлуулалгүй ашиглалтын тусгай зөвшөөрөл авдаг байсан, тэр үеийн нөөц тогтоогдоогүй хэрнээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компаниуд байдаг.
– Хөтөлбөрийн хүрээнд “Гацуурт”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд дахин оруулах уу?
– Тус ордын хувьд нөөц нь тогтоогдоод тодорхой болчихсон учраас эдийн засгийн эргэлтэд оруулахад бүрэн боломжтой бэлэн орд юм.
-Алтны салбарын хувьд голлох байр суурьтай байдаг томоохон компаниудтай хөтөлбөрийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах вэ?
– Тэдгээр компаниудтай тусгайлан хэрэгжүүлэн ажиллах бодлогобайхгүй хэдий ч 2017 онд хэрэгжиж байгаа алт хөтөлбөр нь алтны шороон ордны нөөц, тэнд ажиллаж байгаа компаниудыгдэмжиж ажиллах зорилгоор хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон. Энэ асуудал шийдэгдээд Хөгжлийн банкаар олгохоор болоод эх үүсвэр нь шийдэгдсэн. Зээл авсан компаниуд Монголбанкинд алтаа тушаагаад, төлөвлөгөөний дагуу үүргээ биелүүлээдявбал зээлийн хүүний хөнгөлөлтийг үзүүлэх зарчмыг баримталж ажиллахаар болсон. “Петровис”компанитай зээлийн журмаар компаниудыг түлш шатахуунаар хангах санамж бичгийг байгуулсан. Ерөнхийдөө аж ахуй нэгж байгууллагуудыг олон талаардэмжиж ажиллана.
Олон жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан компаниудыг урамшуулах, сурталчлах, дэмжлэг үзүүлэх асуудлуудмөн хөтөлбөрт тусгагдсан. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөнсонголттой, харьцангуй томталбайд олгох ажлыг хийж байгаа тул хөрөнгө оруулалт тэр хэрээрээ нэмэгдэнэ гэж харж байна.