Давосын чуулга уулзалтад сайд Д.Сумъяабазар, Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ-ны төлөөлөгчид болон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар оролцож байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Давосын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалт”, “Тогтвортой эдийн засгийн тогтолцоог бий болгох нь” сэдэвт хуралдаанд оролцох юм.
Энэ удаагийн чуулга уулзалтад 70 орны төр, засгийн тэргүүн, 350 гаруй Засгийн газрын гишүүн болон олон улсын байгууллага, бизнес, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг нийт 3,000 гаруй төлөөлөгч оролцож, дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлгийг “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” ерөнхий сэдвийн доор 400 гаруй салбар хуралдааны хүрээнд зохион байгуулна.
Чуулга уулзалтад Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.Юнкер, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо, ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Т.Мэй, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Бразилийн Ерөнхийлөгч М.Темер, Швейцарийн Ерөнхийлөгч А.Берсэ, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ж.Ким нар оролцож байна.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын байгууллага (ДЭЗЧУБ)-ыг үндэслэгч, Гүйцэтгэх захирал, Профессор Клаус Швабын санаачилгаар 48 жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн тус чуулга уулзалт нь жил бүр чуулж, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг авч хэлэлцдэг уламжлалтай билээ.