Дэд сайд Д.Загджав Энэтхэгийн элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав 2018 оны 03 сарын 13-ны өдөр Энэтхэг улсаас Монгол Улсанд суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд дэд сайд Д.Загджав ирэх сарын 10-12-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Шинэ Дели хотод зохион байгуулагдах 16 дахь удаагийн Олон улсын эрчим хүчний форумын Сайд нарын уулзалтад Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг оролцохыг урьсанд талархал илэрхийлэв. Тус уулзалтад дэд сайд УУХҮ-ийн сайдыг төлөөлж, Монголын талын төлөөлөгчдийг ахлан оролцох болсоноо уулзалтын үеэр ноён Элчин сайдад дуулгалаа.
Мөн тэрбээр манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад Энэтхэг Улс хөнгөлөлттэй зээл олгосонд талархаад, энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм. Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитэд” компани боловсруулж дуусах шатандаа явж байна. Хөндлөнгийн шинжээч нар үнэлгээ, шинжилгээ хийсний дараа УУХҮЯ-нд хүлээлгэн өгнө хэмээн дэд сайд Д.Загджав хэллээ.
Элчин сайд Суреш Бабу дэд сайдыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд хариу талархал илэрхийлж, Олон улсын эрчим хүчний форумын талаарх мэдээллийг өгсөн юм. Мөн ноён Элчин сайд тус форумын үеэр Энэтхэг улсын Уул уурхайн сайд болон уул уурхайн компаниудтай уулзах хүсэлтийг дэд сайдад тавьлаа. Түүнчлэн энэ үеэрээ Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн юм.