УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Сар шинийн баярын өдрүүдэд хөл хорио тогтоож коронавирусын халдвараас хамгаалах ажлыг төрийн албан хаагчдын оролцоотойгоор өргөн хүрээнд зохион байгуулсан билээ. Энэхүү ажилд Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 21 байгууллагын 500 орчим ажилтан, албан хаагчид хоёрдугаар сарын 11-ээс 23-ны өдрийг хүртэлх 12 хоногийн хугацаанд олон нийтийн хэв журам сахиулан ажилласан.
УОК-ын шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллаж, иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамт олонд Цагдаагийн ерөнхий газраас талархал илэрхийллээ.
Талархлыг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны тусгай хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Галбаатар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТЗУГ-ын дарга Г.Батбаярт гардуулан өгч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллахад гар бие оролцон төлөвлөгөөт хугацаанд тууштай хүчин зүтгэсэн нийт албан хаагч, ажилчдад гүн талархал дэвшүүлээд ажлын өндөр амжилт хүссэн юм.