2025 он гэхэд 50 орчим сая тонн нүүрс экспортлох төсөөлөл бий

2025 он гэхэд 50 орчим сая тонн нүүрс экспортлох төсөөлөл бий

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхтэй ярилцлаа.
 
Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдлыг тоймлон танилцуулна уу?
 
Нүүрсний салбарыг үйл ажиллагаагаар нь эрчим хүч үйлдвэрлэх буюу хүрэн нүүрсээр хангагч уурхайнууд, нүүрс экспортлогч буюу коксжих нүүрс олборлогч уурхайнууд гэсэн хоёр бүлэгт хувааж үздэг.
 
Эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа хэвийн байна. Төрийн өмчийн Багануур, Шивээ-Овоогийн уурхай Улаанбаатар хотын нүүрс хангамжийн 90 орчим хувийг хангадаг. Засгийн газраас энэ хоёр уурхайг онцгойлон анхаарч, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хөнгөлөлттэй зээл үзүүлсэн. Төсвөөс Хөгжлийн банкаар дамжуулж зээл олгосон. Үр дүнд нь өнгөрсөн сарын сүүлээр Багануурын уурхайн технологийн дамжлагын өргөтгөл ашиглалтад орлоо. Энэ нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, сул зогсолтыг багасгасан техникийн дэвшилттэй үйл ажиллагаа юм. Өмнө нь шигшсэн нүүрсээ нөөцөлж, бэлэн болгож байгаад вагон тавигдахаар ачих боломж байдаггүй байв. Технологийн дамжлагын өргөтгөл ашиглалтад орсноор нэг вагон ачих хугацаа богиносож байгаа юм. Шивээ-Овоогийн уурхайд техник тоног төхөөрөмж авахад нь дэмжлэг үзүүлж зээл олгосон. 2012 онд өөрийн хөрөнгөөр нүүрс хатаах төхөөрөмж буюу нэг км гаруй конвейерийн системийг ашиглалтад оруулсан. Үүнийг зүгшрүүлэх ажлууд хийгдэж байна. Эдгээр уурхай цаг үетэйгээ хөл нийлүүлэн, хүчин чадлаа өргөтгөж, техник технологио шинэчлэх ажлуудыг хийж байна.
 
Гэсэн хэдий ч эрчим хүчний чиглэлийн уурхайнуудад хүндрэлтэй нэг асуудал бий. Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тавьж чадаагүйн улмаас өртгөө нөхөж чаддаггүй. Уурхайн үйл ажиллагаа жилээс жилд технологи нь хүндэрч, зардал өсч, тоног төхөөрөмж нь хуучирч байдаг. Үүнийгээ дагаад ашиггүй ажиллах явдал гарч байна. Өнгөрсөн онд нүүрсний үнийг бага зэрэг нэмсэн. Гэвч эдийн засгийн хувьд бат суурьтай болж, найдвартай ажиллах явдал алдагдсаар л байна.
 
Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 20 дугаар тогтоол 2009 онд гарсан юм. Төрийн өмчийн хоёр уурхайд жил бүр улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийхээр болж, хөрөнгө оруулалтыг ч баталсан. Түүнчлэн тогтоолын хүрээнд Дэлхийн банк болоод Японы Засгийн газраас нүүрсний уурхайнуудын авсан урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүү болон дамжуулан зээлдсэн хүүг багасгах, зээл төлөх хугацааг хойшлуулах арга хэмжээг авсаар ирсэн. Үндсэндээ 2012 он хүртэл энэ тогтоол нэлээд сайн хэрэгжсэн. Харин 2012 оноос хойш эрчим хүчний нүүрсний уурхайнууд бүтцийн хувьд хоёр яамны харьяа болоод салчихлаа. Эрчим хүчний яам нүүрсний хангамж талыг хариуцаж байгаа. Тиймээс анхаарал сарниж, 20 дугаар тогтоол сайн хэрэгжихгүй болчихоод байгаа тал бий.
 
Засгийн газрын 20 дугаар тогтоолоор 2014 оноос нүүрсний үнийг индексжүүлж, чөлөөлнө гэсэн боловч одоо биелэхгүй болчихоод байна. Энэ нөхцөл байдал бусад уурхайнууддаа ч нөлөөлдөг. Улаанбаатар хотыг эрчим хүчний нүүрсээр хангадаг төрийн өмчийн хоёр том уурхайн ерөнхий загвар, үнэ ямархуу байхаас шалтгаалаад бусад хүрэн нүүрсний уурхайнууд нүүрсний үнээ чөлөөлж чадахгүй, алдагдалтай байдлаар ажиллах болоод байна.
 
Гэхдээ нэг сайн тал нь хүрэн нүүрс олборлогч уурхайнууд нэлээд нэмэгдэж байгаа. Зах зээлд олон уурхай бий болох нь нүүрсний үнээр өрсөлдөх, үнээ хямдруулах, нүүрс олборлох технологийн сайн шийдлийг олох, монополь байдлыг задлах сайн талтай юм. Шинээр байгуулагдсан уурхайнууд өртөг зардал багатай, технологийн хувьд хөрс хуулалт бага талаасаа ордог учраас эдийн засаг хүнд үед чадвар сайтай л болж байгаа хэрэг.
 
Нүүрсний үнэ чөлөөлөх талаар та ямар байр суурьтай явдаг вэ?
 
Нүүрсний үнийг чөлөөлөхөөс аргагүй. Гэхдээ үүнийг дагаад эрчим хүчний үнийг чөлөөлөх нь хэр зөв байдаг юм бол. Дэлхийн бусад оронд эрчим хүчний үнийг хамаагүй чөлөөлдөггүй. Эрчим хүчний үнэ хүмүүсийн амьдрал ахуй, бүх зүйлд шууд нөлөөлдөг. Эрчим хүчнийхэн болохоор манай үнийг чөлөөлөхгүй байгаа юм чинь нүүрсний үнийг чөлөөлүүлэхгүй гэсэн байдлаар хуульд оруулчихсан. Өнгөрсөн жилийн шинэ хуулиар эрчим хүч үйлдвэрлэх зориулалттай нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах газар тогтоодог болчихоод байгаа. Ингээд бие биенээ дэгээдээд яваад байна л даа. Уг нь эрчим хүчний нүүрсний үнээ чөлөөлөөд, эрчим хүчний үнэ дээр зөрүү нөхөн төлбөр өгөөд явбал нэг салбар нь ч гэсэн эрүүлжээд, зах зээлд шилжээд явна. Нүүрсний үнийг чөлөөлөөгүйгээс болоод уурхайнууд хөгжихгүй, өрсөлдөгч  гарч ирэхгүй, харин ч эрчим хүчний салбартаа хүндрэл үүсгэж байна гэж би боддог.
 
Хэрвээ эрчим хүчний салбарын нүүрсний үнийг чөлөөлчихвөл ганц Багануур гэлтгүй, бусад уурхайнуудаас цахилгаан станцуудад нүүрс нийлүүлэх хүсэлт ирнэ шүү дээ. Тэгвэл, нүүрс нь чанараараа, тээврээрээ, боловсруулалтаараа өрсөлдөнө. Магадгүй түүнээс болоод нүүрсний үнэ бүр буурахыг үгүйсгэхгүй. Одоо бол зөвхөн Багануур, Шивээ-Овоо хоёрт монополь эрх өгөөд, тэр хоёрын үнийг бариад байгаа болохоор цахилгаан станцуудад нүүрс нийлүүлэх шинэ уурхайнууд гарч ирэхгүй байна. Энэ нь эргээд эрчим хүчний нүүрсний уурхайнуудын хөгжилд ч саадтай.          
 
Төрийн мэдлийн эрчим хүчний нүүрсний уурхайнуудын нүүрсний нөөц хангалттай юу?
 
Нөөц хангалттай байгаа. Багануур, Шивээ-Овоогийн уурхайг яг ордынх нь хэмжээнд иж бүрэн судлаагүй юм. Социализмын үед бодлогоор нэг хэсэгт нь жаахан судалгаа хийгээд, ямар ч байсан нөөц хангалттай гэсэн. Багануур, Шивээ-Овоогийн ордуудын нүүрсний нөөц хангалттай байгаа. Аль аль нь 600-гаад сая тонн нүүрсний нөөцийг албан ёсоор батлуулсан. Багануур сүүлд нарийвчилсан хайгуул хийгээд 700 гаруй сая тонн нүүрсний нөөц тогтоогдсон. Одоогийн ашиглаж байгаа түвшинд яривал 50-60 жилийн нөөц хангалттай байгаа. Нүүрс шингэрүүлэх болон хийжүүлэх үйлдвэр баригдаад, өнөөдрийнхөөс том хүчин чадлын үйлдвэрүүд баригдвал нөөц дээр санаа зовно уу гэхээс одоо байгаа станцуудыг хангах нөөц хангалттай байгаа.
 
Лицензийн маргаантай асуудлууд бүрэн шийдэгдсэн үү?
 
Шийдэгдсэн. Багануурын уурхайн хувьд лизензийн асуудал бүрэн шийдэгдсэн. Эзэмшиж байсан өөр компанийнх нь лицензийг хүчингүй болгосон. Гэхдээ лицензийг Багануурт бичиж өгөөгүй. Лицензийг хэнд шилжүүлэх нь хуулийн дагуу сонгон шалгаруулалтын нөхцөлөөр явна. Шивээ-Овоо ч ялгаагүй. Нарийвчилсан хайгуулаар тогтоогдсон Шинэ усны хэсгийн нөөцийн асуудлыг аль эрт 2008 онд шийдсэн. “Эрдэнэс Монгол” компани дээр 560 гаруй сая тоннын нөөцтэй хэсгийг өгчихсөн байгаа. Шивээ-Овоогийн ерөнхий том ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг одоогоор “Шинэ Шивээ” компани эзэмшиж байгаа. Нарийвчилсан хайгуул хийсэн, тайлан нь бичигдээд явж байна. Эрчим хүчний нүүрсээр хангаад явж байгаа өнөөгийн түвшинд нөөц хангалттай. Том төсөл хэрэгжүүлэх, цахилгаан станц барих, нүүрс шингэрүүлэх том хэмжээний төсөл хэрэгжүүлэхээр бол бүтэн ордоор нь ярихаас өөр аргагүй. Одоогийн үйл ажиллагаанд нөөцийн хүндрэл байхгүй.     
 
Нүүрс шингэрүүлэх болон хийжүүлэх нэлээд бодитой хэд хэдэн төсөл байгаа. Тэдгээр төслийн явц ямар шатандаа явна вэ? Бүгдийнх нь ТЭЗҮ батлагдсан уу?
 
Нүүрс боловсруулна, шингэрүүлнэ, хийжүүлнэ гэж өмнө нь төлөвлөхдөө нэлээд алсын зайнаас, ирээдүйд ярьдаг байсан бол өнөөдөр төслүүд бодит байдлыг олж эхэлж байна. Нүүрс шингэрүүлэх дөрвөн ч төсөл их эрчтэй явж байгаа. “Энержи ресурс” компанийн Багануурын нүүрсийг түшиглэсэн “Багануур Энержи” нүүрс шингэрүүлэх төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. МАК-ийн Адуунчулууны нүүрсийг шингэрүүлэх төслийн ТЭЗҮ ч мөн батлагдаад байна. Цайдамнуурын уурхайг түшиглэсэн “Цэцэнс майнинг” компанийн төсөл хийгдэж байгаа. ТЭЗҮ-ээ боловсруулж байна. Ямар ч байсан эдгээр төсөл техникийн бичиг баримтын түвшинд төсөл нь хийгдээд явж байна.
 
Төгрөгнуурын төсөл юу болсон бэ?
 
Төгрөгнуурын ордыг түшиглээд “Монголын аж үйлдвэрийн корпарац”-ийн төсөл хийгдэж байгаа. Нүүрсний үнийг чөлөөлөхөөс аргагүй. Гэхдээ үүнийг дагаад эрчим хүчний үнийг чөлөөлөх нь хэр зөв байдаг юм бол. Дэлхийн бусад оронд эрчим хүчний үнийг хамаагүй чөлөөлдөггүй. Эрчим хүчний үнэ хүмүүсийн амьдрал ахуй, бүх зүйлд шууд нөлөөлдөг. Эрчим хүчнийхэн болохоор манай үнийг чөлөөлөхгүй байгаа юм чинь нүүрсний үнийг чөлөөлүүлэхгүй гэсэн байдлаар хуульд оруулчихсан. Өнгөрсөн жилийн шинэ хуулиар эрчим хүч үйлдвэрлэх зориулалттай нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах газар тогтоодог болчихоод байгаа. Ингээд бие биенээ дэгээдээд яваад байна л даа.
 
Сайншандын парк дээр бас нэг нүүрс шингэрүүлэх төсөл яригдаж байгаа?
 
Сайншандын парк дээр нүүрс хийжүүлэх, кокс үйлдвэрлэх төслүүдийн  зураг төсөл хийгдэж байгаа. Үүнээс гадна Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд “Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Энэ үеэр хоёр улсын хамтарсан нүүрс хийжүүлэх маш том төсөл хэрэгжүүлж, хийгээ Хятад улс руу экспортолно гэсэн байдлаар Санамж бичиг зурсан. Энэ ажил нэлээд сайн явж байгаа. Хоёр талаас Ажлын хэсэг байгуулагдсан. Жилд 15 сая м3 хий үйлдвэрлэж, түүнийгээ хийн хоолойгоор Хятад руу экспортлох төсөл судалгааны түвшиндээ явж байна. Энэ нь жинхэнэ мега төсөл болох байх. Нүүрс хийжүүлэх төсөлд Хятад улсын газрын тос, химийн “Синопек” групп хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийхээр болсон.
 
Түшиглэх орд нь тодорхой болсон уу?
 
Хараахан сонгоогүй. Хоёр тал нэлээд хэдэн ордыг санал болгож байгаа. Төвийн бүсэд Цайдамнуур, Төгрөгнуур, Эрдэнэцогт, Чандаган тал, Шивээ-Овоо, Тэвшийн говь гээд маш их нөөцтэй хүрэн нүүрсний томоохон ордууд бий. Гэхдээ үр дүн ярих болоогүй байна. Хүрэн нүүрс илчлэг багатай тул нүүрс чигээр нь зөөж экспортлох боломж муутай. Нөөц баялаг нь Монгол улсад их байгаа учраас ямар аргаар экспортлох, яаж хөрөнгө болгох вэ гэдэгт ихээхэн анхаарч ажиллаж буйн үр дүнд хүрэн нүүрс боловсруулах ажил ахицтай байгаа.
 
Харин коксжих нүүрсний хувьд байдал ямархуу байгаа вэ?
 
Коксжих нүүрс Монгол улсын эдийн засгийн тулгуур том салбар болчихлоо. 2011 онд хамгийн дээд цэгтээ буюу 22,5 сая тонн нүүрс экспортолсон. 2012 онд арай буурч, 20,5 сая тонн, 2013 онд 18,2 сая тонн нүүрс экспортоллоо. Ерөнхийдөө бууралттай байгаа ч 18,2 сая тонн бол бага тоо биш. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл, тодруулж хэлбэл, Хятадын зах зээл дээр нэлээд буурчихаад байна. Үүний улмаас орлого харьцангуй буурсан үзүүлэлт бий. Бид хүрсэн түвшиндээ байнга байгаад байх юм шиг, түүнээсээ үргэлж өсч байх юм шиг ойлгодог. Тэгээд л нүүрсний экспорт байнга уналттай байна гэж яриад байгаа.
 
2011 онд ингэж их өссөн нь хөөсрөлттэй холбоотой. Австралид их үер болж, уурхайнууд хаагдсанаар Хятадын зах зээлд орон зай гарч ирсэн нь манай нүүрс борлогдох үндсэн нөхцөл болсон. 2012 оны дунд болон сүүл үеэс Австралийн уурхайнууд хэвийн байдалдаа орсон. Өмнө олон жил эзэлж байсан зах зээлээ эргүүлж авахын тулд тэд нүүрсний нийлүүлэлтээ эрс нэмэгдүүлсэн. Мөн энэ үеэр дэлхий дахинд Хятад улс нүүрсний эрэлттэй байна гэсэн ойлголт их явсан л даа. Америк, Канад, ОХУ, Индонези зэрэг улс нүүрсээ Хятадын зах зээлд нийлүүлэх болсноор зах зээл дэх нүүрсний нийлүүлэлт эрс  нэмэгдсэн. 2013 онд Хятадын зах зээлд нүүрс илүүдэлтэй байлаа. Үүний улмаас нүүрсний үнэ унасан, нүүрс хүлээж авах нь багассан. Гэхдээ энэ бол зах зээлийнхээ жамаар л явж байгаа үзэгдэл.
 
2013 оны төгсгөл, 2014 оны одоогийн байдлаас харахад, Америк, Австралид нүүрсний нийлүүлэлтээ жаахан хязгаарлая, дэндүү хямд үнээр нүүрсээ нийлүүлээд байж болж байна уу гэсэн хандлага ажиглагдаж байна.
 
Манай улсын хувьд он гарсаар   нүүрс  экспорт­лох гэрээнүүдээ Хятад улсын компаниудтай байгуулж эхэлж байна. Хэдий хэмжээний нүүрсийг ямар үнээр өгөх гэрээ хэлцлүүдээ ид хийж байна. Үүний улмаас нэгдүгээр сарын нүүрсний экспорт зогсонги байдалтай байгаа. Бас нэг хүндэтгэж үзэх шалтгаан нь Цагаан сартай холбоотой. Сар шинийн үеэр Хятад улсын хил гааль олон хоногоор амардаг. Эдгээр шалтгааны улмаас бие биенээ хүлээсэн байдалтай нэг болон хоёрдугаар сард нүүрсний экспорт зогсонги байдалд байх нь. Гэхдээ экспорт сэргэх хандлага байна.
 
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой”-н “Чалко”-д нийлүүлэх нүүрсний нийлүүлэлт гэрээний дагуу хэвийн явагдаж байна. Мөн “Саусгоби сэндс”, МАК зэрэг Нарийнсухайтын орд дээр олборлолт явуулдаг нүүрсний уурхайнууд өмнө байгуулсан гэрээнийхээ дагуу нүүрсээ экспортолж байгаа. “Энержи ресурс”, “Тавантолгой” ХК зэрэг компаниуд цагаан сарын дараагаар нүүрсээ нийлүүлнэ гэсэн байдлаар түр зогсолт хийж байна. Гэхдээ түр зогсолтын хугацаанд хөрс хуулалт, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ зэрэг бэлтгэл ажлуудаа амжуулж байгаа.
 
Ерөнхий сайдын Хятад улсад хийсэн айлчлалын хүрээнд нүүрсийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх тухай Санамж бичиг зурсан. Монгол, Хятад хоёр улсын хооронд нүүрсний худалдаа зогсолтгүй үргэлжлэхийг төр засгийн хэмжээнд зөвшөөрсөн Санамж бичиг байгуулчихсан учраас дор байгаа компаниуд хоорондоо гэрээгээр худалдаагаа зохицуулаад явах боломжтой.  
Нүүрсний ашигт малтмал нэлээд онцлогтой. Овор хэмжээ ихтэй. Алт, мөнгө, зэс зэрэг бусад ашигт малтмалыг багахан хэмжээгээр гаргаад, үнэ өндөр байдаг бол, нүүрсийг их хэмжээгээр гаргаж байж ашгаа олдог тул тээврийн дэд бүтцээс их хамааралтай бизнес.
 
Автомашинаар зөөж нүүрс экспортлох нь хүндрэлтэй. 2013 онд Тавантолгойгоос-Гашуунсухайт хүртэлх төмөр замын суурь далангийн ажил хийгдсэн. 2014 онд төмөр зам барьж байгуулах ажлыг хийнэ. Мөн цаанаасаа Гашуунсухайтын боомт хүртэл боомтын төмөр зам тавих шийдвэр гарч, төмөр замын ажил хийгдээд байна. Энэ мэтийн нааштай зүйлүүд бий.
 
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлагдлаа. Дагасан хөтөлбөрүүд удахгүй батлагдана. “Нүүрс” хөтөлбөрт 2025 он хүртэлх нүүрсний салбарын дүр зураг хэрхэн тусч байна вэ? Ирээдүйн төлөвлөлт яаж харагдаж байгаа бол?
 
Эрдэс баялгийн салбарын хувьд ерөнхий жанжин шугам, дагаж явах Үндсэн хууль гэж болохуйц бодлого батлагдчихлаа. Энэ бол салбарын хувьд том үзүүлэлт. Дагаад “Нүүрс” хөтөлбөр батлагдана. 2005 оноос л бид Монгол улсад “Нүүрс” хөтөлбөр хэрэгтэй байна, батлуулъя гэж ярьж эхэлсэн. Хэдийгээр хөтөлбөр батлаагүй ч бидний ярьж, төлөвлөсөн ажлууд хийгдээд л явж байгаа.
 
2005 оны үед нүүрсний экспорт дөнгөж эхэлж байлаа. Нүүрсийг чөлөөтэй гаргая, экспортлох ажлыг дэмжье гээд гол чиглэлээ болгосон. Одоо тэр үеэ бодвол нүүрсний экспорт ихээр нэмэгдэж, улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг салбар болчихлоо. Үүний дараа 2008 онд нүүрсний экспорт нэгэнт зүгширчихлээ, одоо боловсруулалтад анхааръя гэсэн байдлаар өөрчлөлт оруулж, нүүрс боловсруулалтыг чиглэл болгосон хөтөлбөр хийгдэж байлаа.
 
Одоо “Нүүрс” хөтөлбөрийг боловсруулахдаа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд хэдий хэрийн нүүрс экспортлох, хэдий хэмжээний хүрэн нүүрс боловсруулах вэ гэсэн ерөнхий шугамаа барьж ажиллаж байгаа. Хөтөлбөр хараахан батлагдаагүй учраас нарийн тоо хэлэхэд хэцүү байна. Ямар ч байсан 2025 он гэхэд улсынхаа потенциалаар 50 орчим сая тонн нүүрс экспортлох төсөөлөл бий. Дараагийн нэг чиглэл нь хилийн ойролцоох болон коксжих нүүрсний ордын нүүрсийг боломжийн хэмжээгээр олборлож экспортолъё. Бас нэг санаа нь хүрэн нүүрсийг эргэлтэд оруулж, ашиглаж эхэлье, экспортолъё гэсэн бодлого явж байгаа. Дээр дурдсан нүүрс шингэрүүлэх 3-4 төсөл, нүүрс хийжүүлэх том төсөл байна.
 
Мөн хүрэн нүүрсээ түшиглэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, түүнийгээ экспортлох бодлого явж байна. Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн ордыг түшиглэсэн Тавантолгойн цахилгаан станцын төслүүд явж байна. Мөн Чандган тал, Эрдэнэцогт зэрэг томоохон цахилгаан станцын төслүүд хийгдэж байгаа. 2025 оны түвшинд эрчим хүч үйлдвэрлэх зориулалттай цахилгаан станцуудад зориулсан 20 орчим сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай уурхайнууд байгуулагдах төсөөлөлтэй ажиллаж байна.
 
Нүүрсний салбарын хөрөнгө оруулалтад ямархуу чиг хандлага ажиглагдаж байна вэ? Хөрөнгө оруулалт саарсан, буурсан тал бий юү?
 
Хөрөнгө оруулалт зогссон юм алга. Гайгүй байна. Тухайлбал, хоёр оны зааг дээр нүүрс экспортлох шинэ уурхай нээгдлээ. 2013 оны төгсгөлөөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байдаг Баруун Ноён уул нэртэй “Терра энержи” компанийн нүүрсний уурхайг хүлээж авсан. Арванхоёрдугаар сард Улсын комисс ажиллаад, нэгдүгээр сард акт нь гарлаа. Энэ нь гадны томоохон хөрөнгө оруулалтаар байгуулагдсан, Тавантолгой, Нарийнсухайтын орд дахь уурхайнуудтай дүйцэхүйц шинэ техник технологи бүхий орчин үеийн уурхай. Шивээхүрэнгийн боомт хүртэл авто зам тавих юм.
 
Мөн сүүлийн мэдээгээр “Шарын гол” ХК-ийн нүүрс угаах, шахмал түлшний үйлдвэрийн төслийн 10 сая ам.долларын санхүүжилт шийдэгдсэн байна. Хэдийгээр хүндрэлтэй харагдаж буй мэт боловч энэ мэт хөрөнгө оруулалтууд нүүрсний салбарт хийгдсээр байгаа.
 
Манайхан тээврийн дэд бүтцээ сайжруулж, авто зам, төмөр замын асуудлаа шийдэж чадвал нааштай үзүүлэлт харагдаж л байна. Хятад улс ч гэсэн Монгол улсаас авах нүүрсний экспортоо нэмэгдүүлж магадгүй гэсэн мэдээлэл гарч байгаа. 2013 онд Хятад улсад нүүрсний импорт биет хэмжээгээр нэмэгдсэн. 78.5 сая тонн коксжих нүүрс импортолсон мэдээ бий. Тухайн улсын бодлого ч байсан байх. Нүүрсний нийлүүлэлт ихтэй үед нэлээд хямд үнээр авсан. Багагүй нөөцөлсөн ч байх. Гэлээ ч 2014 онд нүүрсний хэрэгцээ нь нэг их буурахгүй гэсэн таамаглал байна. Үнийн хувьд судлаачид янз бүрийн л таамаг дэвшүүлж байна. Гэхдээ нэг их эрс өсөөд явчихгүй болов уу.
 
Монголд 150 гаруй нүүрсний уурхай ажиллахад бэлэн болчихлоо. Уурхайнуудын ерөнхий хүчин чадлаар бараг 200 сая тонн нүүрс олборлох боломж бүрдээд байна. Гэтэл хүлээж авах зах зээлийн багтаамж ямар билээ гэдгийг бодох хэрэгтэй гэж жилийн өмнө Та ярьж байсан. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн үү?
 
Байдал хэвээрээ л байна. Нэг жилийн дотор өөрчлөгдөөд, хөрөнгө оруулалтаа татаад явчихсан юм алга. Өнгөрсөн жилээс хойш би энэ асуудлыг нээлттэй хэлж байгаа. Хил дагуу, дэд бүтцээ сайн хөгжүүлсэн уурхайнууд байна. Бусад уурхайнууд нөөцөө нээгээд, ашиглалтын лицензээ авчихаад, зах зээл хэзээ гарч ирэхийг хүлээх шаардлагатай байна л даа. Одоогоор ил уурхай байгуулан, нүүрсээ экспортлоод явна гэвэл өрсөлдөх чадвар харьцангуй сул байгаа юм. Ер нь хөрөнгө оруулалтаа чанаржуулах шаардлагатай байгаа.
 
Энэ дашрамд хэлэхэд, нүүрсний салбарт ажиллаж байгаа Багануур, Шивээ-Овоо, Тавантолгой, Нарийнсухайтын уурхайнууд, шинээр ашиглалтад орсон “Терра энержи” компанийн уурхайнууд техник технологийн хувьд үнэхээр олон улсын түвшинд хүрчихээд байна. Дэлхийн аль ч уурхайд байдаг шинэ, тэргүүний, дэвшилттэй, том хүчин чадалтай техникүүд эдгээрт ажилладаг. Бүгд л дэлхийн уул уурхайн салбарын нүүр царай болон явж байна. Тиймээс улам л боловсронгуй, эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөөгүй технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт зайлшгүй чиглэх ёстой.
 
Одоо 100 гаруй нүүрсний уурхай ашиглалтад ороход бэлэн байгаа. Тэд хоцрогдсон технологиор ажиллах юм бол бусдадаа чирэгдэнэ. Энэ бол нүүрсний салбар хөгжиж буйн, ахьсан түвшинд хүрсний баталгаа болж байна.
 
Өмнө нь 2-3 жилийн өмнө шороон замаар нүүрсээ тээдэг байсан бол одоо шинээр ашиглалтад орж байгаа уурхай авто зам тавихгүй бол нүүрс тээнэ гэсэн ойлголт үгүй болж байна. Хоёр жилийн дараа ч юм уу, төмөр замгүй бол ямар ч шинэ уурхай ашиглалтад орох боломжгүй болох нь байна. Тэр л түвшинд нь хүрэхгүй бол шороон замаар нүүрсээ тээгээд, засмал зам, төмөр замтай уурхайтай өрсөлдөх боломж байхгүй шүү дээ.
 
Нэг талдаа ийм олон уурхай бэлтгэгдэж байгаа нь техник технологи, хөрөнгө оруулалтыг чанаржуулах, чанартай бүтээгдэхүүн гаргахад асар их дэвшилттэй юм. Өөрөөр хэлбэл, Монгол улс дэлхийн зах зээл дээр чанартай бүтээгдэхүүн гаргах суурь бааз тавигдаж байгаа хэрэг.
 
Хятад улс 2014 онд нүүрсний чанарт онцгой анхаарах бодлого барьж эхэлж байна. Өмнө нь ирсэн нүүрс бүхнийг авдаг байсан бол одоо хүхрийн хэмжээ их, илчлэг багатай нүүрсийг авахгүй гэх байдлаар болзлоо тулгаж эхэллээ. Түүнд нийцүүлэхийн тулд манай үйлдвэрүүд нүүрсээ хог шорооноос нь салгах, баяжуулах үйлдвэр барих, тэр нь ус ашигладаггүй, хуурай баяжуулдаг технологитой байх гээд ахьсан түвшинд хүрч, бүтээгдэхүүнээ борлуулах нөхцөл суурь тавигдаж байна.
 
Одоо 100 гаруй нүүрсний уурхай ашиглалтад ороход бэлэн байгаа. Тэд хоцрогдсон технологиор ажиллах юм бол бусдадаа чирэгдэнэ. Энэ бол нүүрсний салбар хөгжиж буйн, ахисан түвшинд хүрсний баталгаа болж байна.
 
“Терра энержи”-гийн араас ямар уурхайнууд ашиглалтад бэлтгэгдээд байна вэ?
 
Хэд хэдэн уурхай бий. Гэхдээ энэ уурхайнууд Тавантолгой, Нарийнсухайтын уурхайнуудыг давсан техник, хүчин чадал, менежменттэй байж л зах зээл дээр гарч ирэхгүй бол бүтээгдэхүүний борлуулалт хүндрэлтэй.
 
“Терра энержи”-гийн нүүрсний борлуулалтын менежментийг уурхай нь хариуцахгүй юм билээ. Австралийн олон улс дамнасан худалдааны “Мовил” компани борлуулалтын менежментийг хариуцах юм байна. Энэ бол бас л ахьсан түвшний үзүүлэлт. Манай уурхайнууд өөрсдөө нүүрсээ хил дээр зөөж аваачаад, Хятадын нэг компанитай гэрээ байгуулж ажилладаг. Тэгвэл одоо олон улсын түвшний том компани борлуулалтыг хариуцаад ирэхээр өөр болох байх.  
 
Ер нь хийж чаддаг ажлаа л хиймээр байгаа юм. Өнөөдөр, Монголд мэргэжлийн, мэргэжлийн бус хамаагүй нэг хүн лиценз авдаг, тэгээд уурхайгаа би л олборлох ёстой гээд хэдэн техник авчраад олборлодог. Чанарын шаардлага тавигдаад ирэхээр нэг баяжуулах үйлдвэр барьдаг. Тэгээд гаргасан нүүрсээ өөрөө борлуулна гээд явдаг. Тээвэр логистикийг мөн өөрөө хариуцна.
 
Угтаа бол энэ бүхэн бүгд биеэ даасан, тус тусдаа шинжлэх ухаантай, менежменттэй салбарууд. Олборлох, ашиглах уул уурхайн шинжлэх ухаан байна. Ашигт малтмалыг боловсруулдаг бие даасан салбар байна. Дээр нь тээвэр логистикийн, гадаад худалдааны бие даасан салбарууд байна. Энэ бүх том салбарын ажлыг нэг толгойгоор, базсан байдлаар хийх нь хүндрэлтэй. Үүнээс болоод алдагдалд ордог, аль нэг талдаа алдах юм гардаг.
 
Уурхайг мэргэжлийн түвшинд, мэргэжлийн байгууллага л хийдэг болмоор. Олборлосон нүүрсийг баяжуулах үйлдвэр зохих үнээр худалдаж аваад, баяжуулаад гаргадаг. Түүнийг тээвэр логистикийн компаниуд нь тээвэрлэдэг. Үндэстэн дамнасан олон улсын компаниуд нь худалдаагаа хийдэг, дагнасан үйл ажиллагаа явуулдаг бол илүү үр дүнтэй баймаар санагддаг. Гадаадын орнууд ч иймэрхүү байдлаар ажиллаж байна. Манайд нэг компани бүгдийг хийх гэж оролдоод хүндрэл үүсч байна. Гэхдээ цаг үеийн шалгарлаар дагнаад явах байх л даа.
 
Түрүүчээсээ ч дэвшил гарч эхэллээ. Том компаниуд өөрсдөө нүүрс ухъя гэхээ больж, мэргэжлийн компаниудаар олборлолт хийлгэж эхэлж байна. Уул уурхайн олборлолтын оператор компаниуд ч Монголд бий болж байна. Шинээр гарч ирсэн “Уул уурхайн үндэсний олборлогч” компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн Баруун Цанхи дээр олборлолт явуулж байна. Зүүн Цанхи дээр “Макмахон” компани олборлолт хийж байгаа. “Энержи ресурс” дээр Австралийн оператор компани “Лейтон Ази” ажиллаж байгаа. “Терра энержи” дээр Монголын үндэсний “Гранд повер” компани олборлогчоор ажиллаж байна. Мэргэжлийн компани мэргэжлийн түвшинд олборлолт явуулна шүү дээ. Энэ бол дэвшилттэй зүйл. Цаашдаа бүх уурхай ийм болох байх.
 
Болдогсон бол нэг орд дээр нэг л баяжуулах үйлдвэр баймаар байгаа юм. Тавантолгой дээр нэг баяжуулах үйлдвэр, Нарийнсухайт дээр нэг баяжуулах үйлдвэр байхад болохгүй юмгүй. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгойн уурхай нүүрсээ түүхийгээр гаргадаг. Гэтэл Ухаахудагийн уурхай 15 сая тоннын хүчин чадалтай баяжуулах үйлдвэртэй. Тэр нь бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй, бараг 50 хувийн ашиглалттай. Бүгд л Монголын баялаг учраас хүчин чадлаар нь ажиллуулаад, “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг Ухаахудагийн баяжуулах үйлдвэрт баяжуулаад гаргамаар байдаг. Болохгүй гэх үндэс байхгүй. Ийм байдал руу ормоор л байна. Жилийн дараагаас компаниуд дундаасаа хөрөнгө гаргаад, баяжуулалт хийх том үйлдвэр байгуулаад эхлэхийг үгүйсгэхгүй.
 
Угтаа бол энэ бүхэн бүгд биеэ даасан, тус тусдаа шинжлэх ухаантай, менежменттэй салбарууд. Олборлох, ашиглах уул уурхайн шинжлэх ухаан байна. Ашигт малтмалыг боловсруулдаг бие даасан салбар байна. Дээр нь тээвэр логистикийн, гадаад худалдааны бие даасан салбарууд байна. Энэ бүх том салбарын ажлыг нэг толгойгоор, базсан байдлаар хийх нь хүндрэлтэй. Үүнээс болоод алдагдалд ордог, аль нэг талдаа алдах юм гардаг.
 
“Монэнко”, “Аспайр майнинг” зэрэг нүүрсний томоохон компаниудын хувь заяа ямархуу байгаа вэ?
 
“Монэнко” замаа тавьчихсан. Өнгөрсөн онд хуурай баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Гэхдээ Улсын комисс ажиллаагүй байна. “Монэнко”-гийн Хөшөөтийн нүүрсийг цаашаа гаргахдаа баяжуулахгүй бол нүүрсээ борлуулахад чанарын хүндрэл байгаа. Одоо бол баяжуулах үйлдвэрээ барьчихлаа. Нүүрсний үнэ унасан зах зээлийн байдал болон 300 гаруй км-т нүүрсээ тээвэрлэх зэрэг нөхцөл шалтгааны улмаас түр зогсолттой байна. Гэхдээ шат ахин хөдлөх боломж нээгдсээр л байгаа. Хөшөөтийн ордыг стратегийн ордод хамруулах санал гарч, судалгаа нь хийгдэж байгаа. Хөрөнгө оруулагч тал энэ тухайд тодорхой шийдвэрээ өгөөч, цаашид хөрөнгө оруулалтаа нэмэх, ажиллах эсэхээ шийдмээр байна гэдэг. Саяхан орон нутгийн засаг захиргаанаас стратегийн ач холбогдолтой ордод оруулахыг түдгэлзүүлээч гэсэн хүсэлтийг  Уул уурхайн яамд ирүүлсэн байна лээ. Өмнө нь стратегийн ордод оруулж өгөөч гэсэн хүсэлт орон нутгаас ирдэг байсан. Одоо бол уурхайг ажиллуулах талаар дэмжиж өгөөч гэж саналаа тавьсан. Саналыг нь судалж байгаа. “Монэнко” энэ ондоо ажиллах байх гэсэн найдлага байна.
 
“Аспайр майнинг”-ын хувьд Монголын төвийн бүс дэх Могойн голын орд  дээрх  уурхай. Нэлээд том төсөл хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-гээ боловсруулсан. Могойн голоос Эрдэнэт хүртэл төмөр зам тавиад, энэ төмөр замаараа нүүрсээ тээж, урагшаа ч юм уу, хойшоо Монгол улсын ерөнхий магистраль төмөр замтай холбогдох төсөлтэй явдаг компани. Одоогоор цаасан дээр төслийн хэмжээнд явна. Зам баригдсан юм алга. Нүүрсний зах зээлийн хямралтай уялдаад, жаахан харзнасан байдалтай байна.
 
Хятад руу урт хугацаанд 1 тэрбум   тонн нүүрс нийлүүлэх  Санамж бичиг зурсан. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компанид маш том боломжийг олгож, бусад уурхайнуудыг өрсөлдөх чадваргүй болгох талтай юу? Төр мэдээж, “Эрдэнэс Тавантолгой”-г дэмжиж таарна?
      
Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” л нүүрсээ нийлүүлнэ гэж тогтоогүй шүү дээ. Нийт дүнгээрээ л хийсэн байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-д боломж харагдаж байгааг үгүйсгэхгүй. Бусад уурхайдад ч мөн боломж нээлттэй байгаа. Өмнө нь Хятад улс манайхаас нүүрс авах, авахгүй нь тодорхойгүй, хил орчмын  нэг аймаг, хошууны Засаг дарга шийдвэр гаргаад л нүүрс авахгүй гэхээр больчихдог байсан. Одоо бол Засгийн газрын түвшинд Санамж бичиг байгуулчихаар хоёр улсын хооронд баталгаатай нүүрсний экспорт хийгдэнэ гэсэн үг.
 
Японы ЖАЙКА байгууллагад захиалан хийлгэсэн “Нүүрсний салбарын мастер төлөвлөгөө”-г хүлээж авсан уу? Ер нь “Нүүрс хөтөлбөр”-ийг боловсруулахдаа суурилж байгаа даацтай ямар судалгаа байна вэ?
 
Энэ судалгааг англи хэл дээр хүлээлгээд өгчихсөн. Бид монгол хэл дээр болгоод албан ёсоор өгөх хэрэгтэй гэсэн саналаа хэлсэн. Албан ёсны эцсийн байдлаар хүлээлгэж өгөөгүй байгаа. Тэдний зүгээс Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг хармаар байна гэсэн үндэслэлээр хойшлуулаад байгаа. Гэхдээ “Жайка”-гийн судалгааны хэд хэдэн явцын тайлан ирсэн. Энэ нь ”Нүүрс” хөтөлбөр дээр  барих   суурь судалгаа болж байгаа.
 
Урт нэртэй хуульд нүүрсний компаниудаас өртсөн үү?
 
Яг одоогоор хилийн заагт хамрагдаад, алтны компаниуд шиг үйл ажиллагаанд нь нөлөөлсөн юм харьцангуй гайгүй. Гэхдээ нөөцтэй хэсэг нь хилийн заагт хамрагдсан уурхайнууд бий. Шарын голын уурхай, Улаан-Овоогийн ордын одоо олборлож байгаа талбай нь хуульд хамрагдаагүй ч цаашдаа нөөц нь гол руугаа орох хандлагатай. Иймэрхүү нэг хэсэг нь хамрагдахаар газрууд бий. Гэхдээ Урт нэртэй хуульд хамрагдсан гээд энэ хоёр ордыг зогсоочих юм бол хойд бүс буюу Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтийн нүүрсний хангамж тасарна гэсэн үг. Ямар нэгэн гарцаар шийдэхгүй бол хүндрэлтэй асуудал үүснэ.