Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид хатагтай Катья Хесселийг хүлээн авч уулзлаа

Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид хатагтай Катья Хесселийг хүлээн авч уулзлаа

Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Жигжид Холбооны бүгд найрамдах Герман улсын Бавари муж улсын Эдийн засаг, дэд бүтэц, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Катья Хессел тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтанд Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр, тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү болон албаны бусад хүмүүс байлцлаа. Хатагтай Катья Хессел хэлэхдээ “Манай Бавари муж байгалийн баялгийн нөөц багатай ч аж үйлдвэр өндөр хөгжсөн. Харин Монгол Улс ашигт малтмалын нөөц ихтэй. Танай улс цаашдаа ашигт малтмалаа боловсруулж нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах байх. Энэ тал дээр манайх хамтарч ажиллахыг хүсч байна. Бидний зүгээс техник, технологи санал болгож байна” гэдгээ илэрхийлэв.
 
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Жигжид хэлэхдээ “Монгол Улсын эрдэс баялаг, Германы өндөр технологи, санхүү эдийн засгийн чадавхи нь хоёр улсыг харилцан ашигтай хөрөнгө оруулалтын түвшинг тодорхойлж байна” гээд Монгол Улсад үндэсний Геологийн албыг байгуулах, боловсруулах, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.