ОУВС-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСЫН ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫГ САЙШААВ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын макро эдийн засаг, эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын зэрэгцээ аж үйлдвэр, цөмийн энерги, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр ажиллаж байгааг танилцууллаа.
Мөн геологийн судалгааг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын нөөцийг тогтоох, хайгуулын үйл ажиллагааг өргөжүүлэх, уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж буйг онцлов.

Шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, нөөц хадгалалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мөн мэдээлэл өглөө.
ОУВС-ийн төлөөлөгчид Монгол Улстай нягт хамтран ажиллаж, макро эдийн засгийн нөхцөл байдалд бодитой үнэлгээ хийхээ илэрхийлж, хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлүүдийг зөв чиглэлд хийгдэж буй өөрчлөлтүүд хэмээн үнэллээ.

