АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХЭРГИЙГ ТҮР ХАМААРАГЧ ЛАЛИТА КАПУРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2026.09.24
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Лалита Капурыг хүлээн авч уулзав.
Хатагтай Лалита Капур “Уул уурхайн долоо хоног (Mining Week-2026)” арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд цаашид Австралийн хөрөнгө оруулагч, сонирхогч компаниудыг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлж шинэ шатанд гаргахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тэрээр Монгол Улсын эрдэс баялгийн салбар эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдгийн хувьд Австралийн төдийгүй бусад орны хөрөнгө оруулагч нарт татварын тогтвортой бодлого, орон нутагтай харилцах харилцаанд байнга санаа тавьж, анхаарал хандуулдаг гэдгийг тэмдэглэв.

Сайд Г.Дамдинням Монгол, Австрали хоёр улс ардчилсан тогтолцоотой орны хувьд иргэд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх нь хэвийн бөгөөд харин уул уурхайн талаар иргэдэд үнэн зөв, бодит мэдээллээр хангах, соён гэгээрүүлэхэд төр, хувийн хэвшил, орон нутаг гэсэн гурван талын тэгш оролцоо шаардлагатайн дээр уул уурхайн салбараас олох үр өгөөжийн шударга хуваарилалт чухал гэдгийг тэмдэглэв. Энэ хүрээнд эдгээр бодит өөрчлөлт, шинэчлэлийг шинээр тусган боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг удахгүй УИХ-ын чуулганаар батлуулахаар ажиллаж байгааг дурдав.

Талууд Монгол, Австрали хоёр орны эрдэс баялгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хамтран ажиллах, геологийн зураглал хийгдээгүй нутаг дэвсгэрийн зохистой ашиглалтын талаарх нэгдсэн зураглал боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх, АҮЭБЯ, харьяа агентлаг, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад Австрали Улсад богино, дунд хугацааны сургалтад хамруулах, хоёр улсын Геологийн албад хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллахаар болов.
