“УУРХАЙЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН – 2014”-ийг нээж Уул уурхайн сайд Р.Жигжид үг хэлэв

“УУРХАЙЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН – 2014”-ийг нээж Уул уурхайн сайд Р.Жигжид үг хэлэв

Баялаг бүтээгч эрхэм хүндэт уурхайчид аа, хүндэт зочид, төлөөлөгчид өө.
 
Та бүхэнд Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын мэндийг Уул уурхайн Сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж, эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
 
Энэ удаагийн “Уурхайчдын улсын зөвлөлгөөн” маань Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй Их эвслийн Засгийн газар байгуулагдаж, Уул уурхайн яамны үйл ажиллагаа шинээр эхэлж буй цаг үед тохиож байна.
 
Уул уурхайн салбарын хамт олон бид Шинэчлэлийн Засгийн газрын үед “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-той болж, голлох хууль эрх зүйн баримт бичгүүддээ өөрчлөлт оруулж заримыг нь шинээр батлуулснаар эрдэс баялагийн салбарт ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой, хөрөнгө оруулалтын хувьд өрсөлдөх чадвартай, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлж чадсан билээ.
 
Их эвслийн Засгийн газрын Уул уурхайн яамны хувьд дээрхи бодлого, хуулиудын хэрэгжилтийг хангах, ялангуяа улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц бодлого боловсруулж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах болно. Энэ зорилтын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажлын бэлтгэлийг хангаж, хуулиар хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ажил амжилттай үргэлжилж, стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах алхам хийгдэж байгаа нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн талархалыг хүлээж байна.
 
Уурхайчин Та бүхэн өнгөрөгч нэгэн жилийн хугацаанд хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргаж, Монгол Улсын түүхэнд анх удаа 1 сая гаруй унц алт олборлож, 1.3 тн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 1 их наяд 300 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Ийнхүү Монгол улсын валютын нөөц болон төсвийг бүрдүүлэхэд уул уурхайн салбарынхан үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
 
Уул уурхайн яам 2014 оныг баялаг бүтээгчдийн жил гэж зарласан билээ. Энэ ажлын хүрээнд алтны салбарт 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл, төмөрлөгийн салбарт Чингис бондоос 50 сая ам.долларын санхүүжилтыг олгуулах, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, дэд бүтцийн асуудлыг  шийдвэрлэхэд анхаарч ажиллаа. Хувийн хэвшлийг дэмжих талаар ил тод, хүнд сурталгүй шуурхай ажиллах чиглэл баримталсан. Цаашид ч бид баялаг бүтээгчдээ дэмжих бодлогыг залгамжлан үргэлжлүүлэх болно.
 
Өнөөдөр бид бүхэн уурхайчдын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг баялаг бүтээгч үндсэн капитал болсон хүн рүү чиглэсэн сэдвээр Улсын зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Хөрөнгө оруулагчид, ажил олгогчдын нэн тэргүүнд анхаарах асуудлын нэг  бол уурхайчдын аюулгүй, эрүүл орчинд хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах нөхцлийг хангах, өрсөлдөхүйц хэмжээний цалин хөлс хүртээх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх явдал юм. Ингэж чадах аваас хөрөнгө оруулалтын үр өгөөж нэмэгдэж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах үндсэн нөхцөл бүрдэх юм.
 
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын хөдөлгөх хүчин болсон уурхайчин та бүхэндээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмаа ягштал мөрдөж “Аюулгүй ажиллагаа-амжилтын үндэс” уриан дор 2015 онд хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргахыг ерөөе.
 
Уурхайчдын улсын зөвлөлгөөнөөс ажил хэрэгч, олон сайхан санал, санаачилга гарна гэдэгт итгэж байна. Зөвлөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.