Ц.Дашдорж сайд “Оюутолгой”-н удирдлагуудтай уулзлаа

Ц.Дашдорж сайд “Оюутолгой”-н удирдлагуудтай уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюу толгой” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Оюутолгойн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын тухай танилцуулсан уулзалтад “Оюу толгой” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх, экс Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй, “Рио Тинто”-гийн Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүх тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Тэд осол аюулгүй бөгөөд тогтвортой ажиллах дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлж, дэмжихэд чиглэсэн үндэсний худалдан авалтын бодлогыг мөрдөн ажиллаж байгаагаа танилцуулаад энэ оны 2 дугаар улирлын эцсээр нийт ажиллах хүчний 93 хувийг монголчууд бүрдүүлж байгаа гэлээ. Мөн Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд эзэмшлийн 50-иас дээш хувийг Монголын иргэн эзэмшдэг ханган нийлүүлэгчтэй түншилж ажиллахыг зорьж, ялангуяа гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтын нэлээд хувийг Монголд үлдээхийг чухалчилж байгаа гэв.

Уулзалтын явцад сайд Ц.Дашдорж үйлдвэрлэлийн үзүүлэлт ямар байгааг тодруулахад “Урьдчилсан тооцоогоор энэ онд зэсийн үйлдвэрлэл төлөвлөгөөнөөс ялимгүй бага байх төлөвтэй. Харин ил уурхайн хоёрдугаар шатнаас алтны өндөр агуулгатай хүдэр нэмж авах боломжтой тул алтны хэмжээ төлөвлөснөөс давах тооцоотой” гэсэн юм.

Уулзалтад дэд сайд Х.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн А.Ундраа болон УУХҮЯ-ны газар, хэлтсийн дарга нар оролцлоо.