
Х.Бадамсүрэн: Нүүрс экспортлохдоо дундын компаниар дамжуулахгүй байх зарчмыг баримтална
Уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” уулзалт “Корпорэйт конвеншин төв”-д зохион байгуулагдаж байна. Энэ үеэр түүхий эдийн үнэ тэр дундаа нүүрсний үнийн асуудал яригдлаа. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ өсч, тонн нь 150 ам.доллар давсан байхад манайх хэд дахин хямд үнээр зарж байгаа юм. "Эрдэнэс-Тавантолгой" компани өрөндөө хямда үнээр экспорт хийж байгаа нь дотоодын бусад компаниудад сөргөөр нөлөөлж байгаа дурдлаа. Гадаад хүчин зүйл гэхээс илүү дотоодын үл ойлголцол, бодлогын тодорхой бус байдал нүүрсний үнэд нөлөөлж байгаа "Энержи ресурс"-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлж байв. Мөн тэрээр “Өнгөрсөн хугацаанд экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдрийн олборлогчид дэд бүтэц, зах зээл, боловсон хүчнээ булаацалдан дотроо учир зүйгээ ололцож чадаагүй. Гэхдээ дараагийн өсөлт ирнэ. Тэрхүү өсөлтөд бодлогоо бэлдье. Бодлогоороо нэгдье. Тэрхүү бодлого зөв байх юм бол бизнес явах болно” гэдгийг онцолж хэлсэн. Хоёр жилийн өмнө Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан ч төрийн зүгээс энэхүү бодлогыг тууштай хэрэгжүүлж чадахгүй байгааг шүүмжилсэн юм. Энэ үеэр Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнгээс цөөн зүйлийг тодрууллаа.
-Уул уурхайн яамнаас нүүрсний үнийн асуудал дээр ямар бодлого баримталж байна. "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьд өр төлбөрөө барагдуулахын тулд маш хямд үнээр нүүрсээ борлуулж байгаа нь бусад компаниудын боломжийг хумиж байна гэдгийг хэлж байна. Эн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?
-Энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Ажлын хэсэг "Эрдэнэс-Тавантолгой"-н өмнө байгуулсан гэрээг нэг бүрчлэн нягталж, шалгаж үзнэ. -Эрдэнэс-Тавантолгой- компанийн нэг тонн нүүрсний өөрийн өртөг хэд байгаа, борлуулж байгаа үнэ хэд байгаа, энэ хоорондын зөрүүг гаргана. Цаашид нэгэнт байгуулсан гэрээ байгаа учраас өр төлбөрөө төлж таарна. Гэхдээ нүүрснээс олж байгаа ашиг орлогынхоо хэдийг нь өрөндөө төлөх, хэдийг улсын төсөвт төвлөрүүлэхэд, хэдийг нь үйл ажиллагаагаа хэвийн жигд явуулахад зарцуулах зэргээр нарийн бодлого, хөтөлбөр гаргаж ажиллах төлөвлөгөөтэй байна.
-Ер нь зах зээлийн үнэтэй уялдуулан нэг тонн нүүрсийг ойролцоогоор хэчнээн ам.доллараар борлуулах боломжтой байна вэ?
-Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс-Тавантолгой" компани 30 хүрэхгүй ам.доллараар нэг тонн нүүрсээ борлуулж байна. Үүнийг ямар нэгэн байдлаар зах зээлийн үнэд ойртуулах шаардлага бий. Гэхдээ өнөөдөр, маргааш тийм болгоно гэж амлахгүй. Эхний ээлжинд 30 ам.доллараас давуулах бодлого барина. Цаашдаа дотооддоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай зохицож, ярилцаж үнийн бодлогоо гаргана. Нүүрсийг олон дамжлагагүйгээр хэрэглэгчдээ хүргэх, аль болох дундын компанигүй байх зарчмыг баримтална.Нөгөө талаас нүүрсийг аль болох баяжуулж гаргах бодлогыг барина. Овор хэмжээ багатай, өндөр үнэлэмжтэй байлгах чиглэлийг барьж ажиллана. Өмнийн говьд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын дэд бүтцийг хөгжүүлэх асуудал чухал байна. Нэн тэргүүнд зам харгуй, эрчим хүчний асуудал багтана. Цаашид Оюутолгойн үйл ажиллагаа хэвийн жигд явуулахын тулд хэрэгцээ шаардлагатай эрчим хүчийг урд хөршөөс импортолж байна. Үүнд ойролцоогоор 200 гаруй сая ам.долларыг зарцуулж байна. Энэ бол Монгол Улсын хэмжээнд их хэмжээний валют. Их хэмжээний нүүрсний нөөцтэй ч түүнээсээ цахилгаан эрчим хүчинд хэрэглэдэг нүүрсээ ашиглахгүй, овоолгоостой хуримтлагдаж байна. Тиймээс цаашид Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэсэн цахилгаан станц барих ажлыг яаравчлах шаардлагатай байна. Мөн Нарийнсухайтын бүлэг ордоос нүүрс олборлож байгаа компаниуд Хятадаас импортоор эрчим хүч авч байна. Тэнд саяхан уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, дунд оврын цахилгаан станц барихаар тохирсон. Үүнийг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суулгасан. Цахилгаан станцаас гадна боомтын төмөр замын ажлыг түргэтгэх хэрэгтэй байна.
Эх сурвалж: Энхтайван МӨНХЦЭЦЭГ (www.iToim.mn)