Засгийн газарт зөвлөмж хүргүүлж, мэргэжлийн холбоодод үүрэг өгнө

Засгийн газарт зөвлөмж хүргүүлж, мэргэжлийн холбоодод үүрэг өгнө

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан 11дүгээр сарын 23-ны өдөр тусяамны хурлын танхимд болов.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй уялдан шатахууны импортын үнэ нэмэгдсэн, төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсан зэргээс хамааран шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн талаар импортлогч аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн холбоодоос удаа дараа мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дагуу “Хамтарсан зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаанаар “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал”, “Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах боломж”-ийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж дараах “Зөвлөмж”-ийг гаргахаар тогтов. Үүнд:

1.    Засгийн газарт, Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш, америк долларын эсрэг эрс суларсан, хилийн үнэнд өөрчлөлт орсонтой холбогдуулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн тогтвортой байдлыг хадгалан, автобензин, дизель түлшний онцгой албан татварын хэмжээг оновчтой хэлбэрээр тогтоон зохицуулалт хийх Зөвлөмжийг хүргүүлэх.

2.    Шатахууны худалдаа эрхлэгч компаниуд болон тэдгээрийг төлөөлөх мэргэжлийн холбоодод, манай орны ихэнх нутгаар олон жилийн дунджаас их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндрэх нөхцөл үүссэнтэй холбогдуулан нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан хэрэглэгчдийг чанартай шатахуунаар найдвартай хангах, шаардагдах хэмжээний нөөц бүрдүүлэх, импортын хэмжээг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн шатахууны тээвэрлэлт, шатахуун түгээх станцуудын аюулгүй ажиллагаа, бэлэн байдлыг хангах урьдчилсан арга хэмжээг авч ажиллах үүрэг өгөх.