“Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” сэдэвт Үндэсний чуулган болно

“Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” сэдэвт Үндэсний чуулган болно

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хамтран “Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Үндэсний чуулган нь бичил уурхайг зохион байгуулах, албажуулах үйл ажиллагаанд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар бичил уурхайг албажуулах үйл явцыг эрчимжүүлэх, бичил уурхайгаар олборлосон эрдэс баялгийн борлуулалтын сүлжээг албажуулах боломжит хувилбарын талаар хэлэлцэж шийдэл олох зорилготой юм.

Уг арга хэмжээнд  УУХҮЯ, БОАЖЯ, ХНХЯ, ЭМЯ болон Ашигт малтмалын газрын тосны газар, Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэх мэт Засгийн газрын агентлагууд, орон нутгийн удирдлага, холбогдох албан тушаалтан, судалгаа шинжилгээний болон иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, бичил уурхайчид зэрэг нийт 200 гаруй төлөөлөл оролцох аж.  

Чуулганаар бичил уурхайг зохион байгуулах, албажуулах үйл явц болон эрдэс баялгийн борлуулалтын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар бодлогын санал, зөвлөмж гаргана. Чуулганы үр дүнд бичил уурхайг зохион байгуулах, албажуулах талаарх төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш иргэд хувиараа амьжиргаагаа залгуулах гэж ашигт малтмал олборлох ажиллагаанд олноор татагдан орох болсон. ХАМО (Хувиараа ашигт малтмал олборлолт)нь улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед олон хүнийг ажилтай, орлоготой болгож, орон нутагт ядуурлыг бууруулах, өрх гэрийн амьжиргааг дээшлүүлэхэд нөлөө үзүүлж ирсэн. Гэвч энэ нь хууль бус, албажаагүй, татварын орчин бүрдээгүй, хүний эрх зөрчигддөг гэх мэт олон сөрөг талтай байсан юм.

2010 онд “Ашигт малтмалын тухай хууль” болон бусад холбогдох хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” батлагдаж хэрэгжиж эхэлснээр бичил уурхай албажих шат тавигдсан билээ.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Техникийн болон санхүүгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн талаарх Ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Тогтвортой бичил уурхай төслийг 2005 оноос хэрэгжүүлж байна. 2015онд эхэлсэн төслийн 4 дэх үе шат нь өмнөх хугацаанд бий болгосон эерэг үр дүнг бататгах, бичил уурхайгаар олборлосон алтыг албан зах зээлд борлуулах, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бичил уурхайн талаарх мэдлэг, туршлагыг үндэсний болон олон улсын түвшинд хуваалцах, түгээх олон улсын мэдлэгийн төв бий болгоход гол үйл ажиллагаагаа чиглүүлэх юм.