“Хөгжилд хүргэх зам-2016” үзэсгэлэн болов
“Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгаа хүндрэлээс гаргацгаая” уриатай “Хөгжилд хүргэх зам-2016” үзэсгэлэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.
Үзэсгэлэнд металлурги, металл боловсруулалт, тоног төхөөрөмж, машин механизмын үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэр, хуванцар эдлэл, уул уурхай, хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сэлбэг эд анги, резин, шил, төмөр замын бетон дэр, цахилгааны утас, кабел, ган бөмбөлөг, халаалтын зуух, нарны зай хураагуур, мэдээллийн болон нано технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа “Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-ийн гишүүн 30 гаруй компани бүтээгдэхүүнээ дэлгэв.
“Хөгжилд хүргэх зам-2016” үзэсгэлэнг Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын техник, технологийн хэлтсийн дарга Ж.Мөнхбаяр нар оролцож, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцсан юм.
Ерөнхий сайд арга хэмжээний ач холбогдлыг өндрөөр үнэлээд “Монголчууд хийж чадаж байна. Одоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ иргэдэд хүргэж сурталчлах ажил дутагдалтай байна. Энэ алдаагаа манай үйлдвэрлэгчид засах ёстой. Бүтээгдэхүүнээ сурталчилж иргэдэд хүргэх ажлыг хийх хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, гаднаас оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийн татварыг хойшлуулах зэрэг саналыг тавьж байгаа. Засгийн газар судалж байгаад хамгийн оновчтой дэмжлэгийг үзүүлнэ” гэлээ.
Уг арга хэмжээг зохион байгуулагчид импортыг орлосон, экспортод чиглэсэн металлурги, машин байгууламжийн цоо шинэ салбарыг дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээнд түшиглэн хөгжүүлэх боломж, бололцоог нээн илрүүлж, төр засгийн зүгээс гаргасан бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангахад энэ үзэсгэлэн чухал ач холбогдолтой болохыг онцлов.