Н.Дорждарь: Монгол Улс 2017 оны байгалийн баялгийн засаглалын индексээр 89 орноос 15-д жагссан
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс “2017 оны Баялгийн Засаглалын Индекс”-ийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛД АНХААРЧ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь "Уул уурхай, газрын тос, ашигт малтмалын салбараас хамааралтай улсууд дэлхийд олон бий.
Манай улс ч мөн адил гэдгийг бид бүхэн сайн мэднэ.
Манай байгууллага газрын тос, байгалийн хий уул уурхайн салбарт сайн засаглалыг дэмжих зорилготойгоор байгуулагдсан төрийн бус байгууллга. Бид энэ оны баялгийн засаглалын индексийг гаргасан.
Баялгийн засаглалын индекс нь 150 судлаач 149 нэн чухал асуултад хариулж, 10,000 орчим холбогдох баримт бичгийг судлах замаар боловсруулсан нийт 81 улсын 89 салбарт хамрах үнэлгээний нийлбэр юм. Судлаачид анхдагч мэдээллийг тухайн улс оронд нь цуглуулж, үүн дээрээ үндэслэж индексээ гаргасан.
Үнэлгээ тус бүрд ББЗХ нь индексийн гурван бүрдэл хэсгийн оноонд тулгуурлаж ерөнхий оноог өгсөн.
Тодруулбал үнэлгээний хэсгүүд нь тухайн салбараас тус улсын үнэ цэнэ хүртэх байдал, орлогын менежмент, дэмжигч орчин гэсэн гурван дэд хэсэгтэй.
Монгол Улс 2017 оны байгалийн баялгийн засаглалын индекст авч болох 100 онооноос хангалттай буюу 64 оноо авсан байгаа.
Ингэснээр манай улс үнэлгээнд хамрагдсан 89 орноос 15-р байрт, Евразийн бүс нутгийн есөн орноос тэргүүн байрт жагссан.
Дээрх улсуудын тодорхой салбаруудыг судалсан гэж хэлж болно.
Монгол Улсын хувьд уул уурхайн салбар илүү давамгайлсан учраас уул уурхайн салбарыг үнэллээ.
Баялгийн засаглалын индексээр манай улсын уул уурхайн салбарын ил тод байдал сайжирсан ч хариуцан тайлагнах асуудалд ахиц гараагүй байна.
Харин хамгийн муу оноо авсан үзүүлэлт төрийн өмчит компанийн засаглал байлаа.
Төрийн өмчит хамгийн том компани болох "Эрдэнэс Монгол"-ын санхүүгийн тайлагнал хангалтгүй болон Монгол Улсын үндэсний баялгийн сантай холбоотой засаглалын сорилтууд байгаа нь 2017 оны баялгийн Засаглалын индекст анхаарал татаж байна.
Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, өөрсдөө энэ асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.
Манай улс 18 сая тонн зэсийн нөөцтэй нь дэлхийн нийт нөөцийн хоёр хувьтай тэнцэнэ.
Зэсийн энэ нөөц нь сүүлийн арван жилд томоохон хөрөнгө оруулалтыг татсан.
Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагын 2015 оны мэдээллээр Засгийн газрын орлогын 24 хувийг баялгийн орлого бүрдүүлжээ" гэлээ.
Эх сурвалж: ikon.mn