Нүүрсний салбарынхан чууллаа

Нүүрсний салбарынхан чууллаа

Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “Coal mongolia-2017” чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав нээж  үг хэлснээр эхэлсэн юм.

Нүүрсний салбарынхан цуглаж тулгадамсан асуудал гарц гаргалгааг эрэлхийлж  санал бодлоо харилцан солилцдог тус арга хэмжээнд  хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэх вэ, нүүрсний гарц чанарыг яаж сайжруулах вэ технологийн шинэчлэлийг хийх шийдэл зэрэг асуудлыг хөндөж байлаа.

Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсөлттэй байгаа /2017 оны эхээр 175 хувиар өссөн/ нь Монголчуудын хувьд боломжоо бүрэн ашиглах цаг хугацаа ирснийг харуулна.

Чуулганы үеэр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Ж.Ганбаатар

“Цаашид манай яамны зүгээс хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтална. Уул уурхайн салбарын арваад хуулинд их цэвэрлэгээ хийж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгахаар зорилт тавин ажиллаж байгаа. Шинэ хууль гаргана гээд ярихаар манай хөрөнгө оруулагчдад айдас байдаг. Бид ямар нэгэн татварын өөрчлөлт гаргахгүй. Харин тодорхойгүй байсан зүйлсийг илүү тодорхой болгох гэж байна. Гадаадын индексүүдээс харахад манай хөрөнгө оруулалтын орчин таатай биш байгаа. Үүнийг харгалзаж бодлогоо боловсруулсан.

Монгол Улсын нийт газар нутгийн 8 хувьд нь хайгуулын лиценз бий. Үүнийг бид 20 хувьд хүргэхээр зорьж байна. Баруун бүсийн судалгааны ажлуудыг эрчимжүүлнэ.

Мөн манай салбарын бас нэг том асуудал бол дэд бүтэц. Үүнд төмөр зам, хилийн дамжин өнгөрөх чадварын асуудал бий. Манай Засгийн газар 400 сая ам.долларыг шийдсэн учраас энэ ажлыг богино хугацаанд хийж хэрэгжүүлнэ” гэв.