“Инвест Монголия-2018”  боллоо

“Инвест Монголия-2018” боллоо

“Инвест Монголиа 2018” арга хэмжээ 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконгд амжилттай зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад нийт 120 гаруй олон улсын банк санхүү, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцов. Монгол Улсыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид болон "Эрдэнэс Монгол" ХХК, Үндэсний хөгжлийн газар, Монголбанк, “Erdene Resource Development”, “Emerging Capital Markets”-ний төлөөллүүд оролцлоо.

Энэ удаагийн чуулга уулзалт нь Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, Ази тивийн хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбар дахь томоохон төсөл хөтөлбөрүүд болон хөрөнгийн зах зээл зэрэг сэдэвт хэлэлцүүлгээс бүрдсэн юм.

Чуулганы нээлт болон уул уурхайн салбар хуралдааны нээлтэд хэлсэн үгэндээ сайд Д.Сумъяабазар Монгол Улсын уул уурхайн салбарт баримталж буй бодлого, тогтвортой хөгжил, ил, тод хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллах мөн уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд дээр олон улсын хөрөнгө оруулагч нартай хамтарч ажиллахад бэлэн болохоо онцлон дурдав. Түүнчлэн, чуулганы үеэр олон улсын банк, санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай уулзаж уул уурхайн салбарт хамтран ажиллах, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын зах зээл дээр хувьцаа гаргах замаар хөрөнгө босгоход хамтран ажиллах боломж, шаардлагатай хугацааны талаар харилцан санал солилцлоо.