Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар хэлэлцлээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар хэлэлцлээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2017 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мэдээлэл хүссэн. Энэ дагуу өнөөдөр болсон /2018.04.25/  өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар түгээмэл тархацтай ашигт малтмалын харилцааг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчин, хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олголтын өнөөгийн байдлын талаархи мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өглөө.

 Тус хуралдаанд байнгын хорооны гишүүдээс гадна УУХҮЯ, БОЯЖЯ, АМГТГ, МХЕГ, НЗДТГ зэрэг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын зарим төлөөлөл оролцов.

Сайд Д.Сумъяабазар хуралдааны эхэнд өгсөн танилцуулгадаа “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль баталснаас хойш /2014.04.21-ээс/ улсын хэмжээнд давхардсан тоогоор 237 аж ахуйн нэгжид нийт 310 түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл  олгосон. Үүнээс хайгуулын 296, ашиглалтын 14 түгээмэл тархацтай  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Уул уурхайн кадастрын компьютержсэн системд /УУККС/ бүртгэгдсэн. Хамгийн их тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг олгосон байна” гэв.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/443 дугаартай “Тогтоол хэрэгжүүлэх талаар чиглэл өгөх тухай” албан тоотоос хойш УУККС-д ямар нэгэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг орон нутгаас бүртгээгүйг дурдлаа.

Танилцуулгын дараа Өргөдлийн байнгын хорооны гишүүд түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар холбогдох сайд, мэргэжилтнүүдээс асуулт асууж, хариулт авсан юм. Ингээд УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааныг дүгнэж, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 1.1 дэх дэд заалтад өөрчлөлт оруулах тухай санал хураалгахад УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа.

 

“1.1.Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх,” гэж заасан байна.