“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН  УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг эрхэм хүндэт уурхайчин Та бүхэнд, Таны гэр бүлд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын нэрийн өмнөөс хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

Энэ түүхт 10 жилийн хугацаанд байгууллага, хамт олны зүгээс явуулсан олон талт үйл ажиллагаа, уйгагүй хөдөлмөрийн үр шимээр “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани улсынхаа тэргүүлэх зэргийн аж ахуйн нэгж болж чадлаа.

Эдүүгээ танай байгууллага жилд 1 тэрбум долларын борлуулалтын орлоготой ажиллаж, 1072 хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэддээ ногдол ашиг хүртээсэн төрийн өмчит томоохон аж ахуй нэгж болж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, төмөр замын хүртээмжийг нэмэгдүүлэх томоохон бүтээн байгуулалтыг гардан хийж, улс орныхоо хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өндрөөр үнэлэн талархаж байна.

 Энэ түүхт 10 жилийн хугацаанд танай байгууллага, хамт олон дардан замаар  хөгжөөгүй төдийгүй олон бэрхшээлтэй тулгарч байсныг ч Та бид санаж байгаа.

            Цаашид ч элдэв бэрхшээл, асуудал тулгарах эрсдэлтэйг санаж явах нь Та бидний үүрэг, хариуцлага байх болно. Элдэв саад, бэрхшээлийг давж гарах ажлын хамт олон, нөөцтэй болсныг тэмдэглэхэд таатай байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдаж буй Нүүрс баяжуулах үйлдвэр, “Тавантолгой” дулааны цахилгаан станц, Нүүрс-хими, Метан хийн үйлдвэр барих зэрэг нөр их бүтээн байгуулалтын ажлыг Танай хамт олон амжилттай хийж гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Түүнчлэн их бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг дагасан хотыг буй болгох, дэд бүтцийг хөгжүүлэх үйлсэд амжилт гаргана гэдэгт ч найдаж байна.

            Ингээд “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн хамт олон урд олсон ажлын амжилтаа улам бүр бататган ихийг бүтээнэ гэдэгт Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гүнээ итгэж байна..

“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн бүтээн байгуулалт улам бүр өргөжих болтугай.

Эх орны хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмэр нь улам дэвжин дээшлэх болтугай.

 

САЙД                                                Г.ЁНДОН