ЭМГЭНЭЛ
НАМЖИЛЫН ЖАДАМБАА
(1943-2021)
Монгол Улсын Төрийн соёрхолт, Зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, дэд профессор, нэрт гидрогеологич Намжилын Жадамбаа 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас тэнгэрийн оронд заларч, геологийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Н.Жадамбаа нь 1943 онд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багийн нутаг Арамжуур хэмээх өвөлжөөнд малчин ард Намжилын 2 дугаар хүүболон төрж, 1961 онд Говь-Алтай аймгийн дунд сургуулийг дүүргэж, улмаар ЗХУ /хуучин нэрээр/-ын Москва хотын Геологи, хайгуулын дээд сургуулийг гидрогеологич мэргэжлээр төгсчээ.
Ажлын гараагаа Чойрын геологийн удирдах газраас эхэлж 1967-1971 онуудад ангийн ахлах, ерөнхий инженер зэрэг хариуцлагатай ажлыг хийж байгаад 1971-1974 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Үйлдвэр техникийн хэлтэст мэргэжилтэн, хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байжээ. 1974-1977 онд Москва хотын Геологи, хайгуулын дээд сургуульд аспирантурт суралцаж “Улаанбаатарын уулс хоорондын артейзийн бассейны газрын доорх усны тархалт, гарал үүсэл ба усан хангамжид зориулан тэдний нөөцийг үнэлэх нь” сэдвээр боловсролын докторын зэрэг хамгаалжээ.
Эрдмийн зэргээ хамгаалсны дараа 1977-1981 онуудад Геологийн яамны харьяа Геологи, хайгуулын институтад эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1981-1988 онд Намын төв хорооны Аж үйлдвэрийн хэлтэст зааварлагч, 1988-1991 онуудад Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн Нарийн бичгийн дарга нарын газарт группын зөвлөх, ахлагч, 1992-1999 онд Геологи, эрдэс баялгийн хүрээлэнд ахлах ажилтан, секторын эрхлэгч, салбарын эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг хариуцлагатай албанд томилогдон ажиллаж байжээ.
Техникийн их сургуульд 1997 онд “Монголын газар доорх цэнгэг усны бүрэлдэн тархах зүй тогтол, түүний нөөцийг ус хангамжтай холбогдуулан үнэлэх нь” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1998 онд Монголын гидрогеологийн 1:1000000-ын масштабтай зургийг удирдан зохиосон нь Монголын гидрогеологийн төдийгүй Төв Азийн гидрогеологийн судалгаанд томоохон байр суурь эзлэх бүтээлийг эмхэтгэсэн нэрт эрдэмтэн, гидрогеологич байлаа.
2012-2014 онд “Дунд масштабын геоэкологийн зураг хийх заавар, арга аргачлал”, “Гидрогеологийн 1:200000-ны зураглалын аргачлал, үнэлгээний норм, зургийн таних тэмдэг аргачилсан заавар”, “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал” заавруудыг манлайлан боловсруулж, 2012 ба 2015 онд нийтлүүлэн олны хүртээл болгожээ.
Н.Жадамбаа нь улсын болон хувийн өмчит байгууллагуудад нийтдээ тасралтгүй 51 жил ажиллах хугацаандаа Монгол орны хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар, түүний дотроос бэлчээр усжуулалт, эрчим хүч, уул уурхай, арьс ширний үйлдвэрүүдийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймагт бэлчээрийн ус хангамжид зориулан 57 худаг шинээр гаргахад болон Цагаанцав, Өлгийхийд (1967 он), Улаанбаатар (1974-1979 он), Шохойтын хөндий (1999 он), Зүлэгтэй (1972 он), Мандал уул (1998 он), Таянгийн хоолой (2008 он), Бэхтийн хөндийн (2010-2011 он), Сайнус-Бор хөөвөрийн говь (2013-2014 он) газрын доорх усны нөөцийг илрүүлэх ажлыг зохион байгуулахад оролцож, Цагаан суваргын зэс-молибдени, Төмөртийн овооны цайр-хар тугалга, Зүүн цагаан дэл, Бор-Өндөрийн жонш, Таянбор үзүүр, Чандмана уулын төмрийн уулын үйлдвэрүүдийг цогцлон байгуулах, ус хэрэглэгч, ашиглагчдыг унд-ахуй, үйлдвэрлэлийн усаар хангах ажилд биечлэн оролцож явсан эрхэм хүн байлаа.
Түүний хөдөлмөр гавьяаг төр засгаас өндрөөр үнэлжЗасгийн газрын хүндэт тэмдэг Тэргүүний геологч, Алтан гадас одонгоор тус тус шагнаж, Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть бүтээлээрээТөрийн соёрхол хүртсэн эгэл даруу эрдэмтэн байлаа.
Н.Жадамбаа нь Монголын геологийн салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, өөрийн мэргэжил, мэдлэг туршлага, авьяас чадвараараа төр засгаас даалгасан ажлын хүнд ачааг нуруундаа үүрч, салбарынхаа төлөө зүтгэсээр өөрийн биеийг элээлээ.
Ахмад, ирээдүй үеийн хооронд ямагт гүүр болж явсан эрхэм хүмүүнийг бид үеийн үед үүрд дурсан санах болно.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ,
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР