МОНГОЛ УЛСАД ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

МОНГОЛ УЛСАД ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Монгол Улсын газрын тосны салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, хөлс хүчээ харамгүй зориулж салбарын он цагийн түүхийг бичилцсэн ахмадууддаа, одоо ажиллаж байгаа салбарын нийт хамт олондоо, эрдэмтэн, судлаач, залуу үеийнхэндээ Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамны хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, ажлын их амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, ЗХУ-ын геологич Ю.С.Желубовский нарын удирдсан Дорнын экспедицийн 17-р анги 1940 онд Зүүнбаянгийн хотгорт хайгуул судалгааг хийж анхны газрын тосыг илрүүлж байсан түүхтэй.

БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1941 оны 02-р сарын 28-ны өдрийн 15-р тогтоолоор “Союзнефтьэкспорт нэгдлийн төлөөлөгчийн газраас зарим барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг шилжүүлэн авах тухай”, мөн оны 03-р сарын 06-ны 16-р тогтоолоор “Дорноговь аймгийн нутаг газар явуулсан геологийн эрэн тэмтрэх ажлыг явуулсны үрээр нефть тосыг олоход холбогдох битумын гарах газрыг нээн олсон тухай” зэрэг түүхэн баримт бичиг, шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ түүхэн шийдвэрийн дагуу тухайн үеийн Тээврийн яамны харьяанд Нефть тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хэлтэс байгуулснаар газрын тосны салбар 80 жилийн хугацаанд стратегийн ач холбогдолтой салбаруудын нэг болж хөгжсөн бөгөөд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсаар байна.

Монгол Улсад 1990-ээд оноос газрын тосны хайгуулын ажил дахин идэвхтэй өрнөж эхэлсэн ба улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 21 талбайд Засгийн газраас эрх олгосны дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тостой холбогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагаас 3 талбайд нь газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа амжилттай явагдаж байна.

Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнгээр 2010, 2012 онуудад Тосон-Уул, Тамсаг, Зүүнбаян, Цагаан-Элсний орд газарт 332.6 сая.тн газрын тосны баталгаат нөөц, 43.2 сая.тн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэн авсан ба манай улс газрын тос олборлогч орон болсон талаар олон улсад зарлаж байсан сайхан түүхтэй.

Газрын тосны хайгуулын шатны туршилтын олборлолт явагдаж эхэлсэн цагаас буюу 1996 оноос хойш дээрх орд газруудаас нийт 9.3 сая.тн газрын тос олборлож, экспортлон газрын тосны борлуулалтын орлогоос өссөн дүнгээр улсын төсөвт 1.9 их наяд төгрөгийг төвлөрүүлсөн нь чамлахааргүй амжилт, үр дүн, өгөөж юм.Өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд нийт 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь манай улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын багагүй хувийг эзэлж байгааг тэмдэглэн хэлэх зүйтэй.

Монгол Улсын 2021оны Төсвийн тухай хуулиар улсын хэмжээнд 812мянган тонн газрын тос олборлон экспортолж, улсын төсөвт 183.2тэрбум төгрөг төвлөрүүлэхтөлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь газрын тосны салбараас Монгол Улсын эдийн засгийн хөгжилд оруулж буй томоохон байр суурь эзэлж байгаагийн тод илрэл гэдгийг дахин цохон тэмдэглэхэд таатай байна.

Мөн манай улс 1923 оноос эхлэн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн талаар түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд өнгөрсөн 2020 онд 2.0 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэжээ. Жил бүр өсөн нэмэгдэж байгаа түлш, шатахууны хэрэгцээг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч үндэсний компаниуд хангамжийн сүлжээгээрээ дамжуулан аймаг, сум, орон нутагт түгээж, ард иргэд, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр найдвартай, тасралтгүй хангасаар байна.

Түүнчлэн автотээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай Евро-5 ангиллын шатахууны стандартыг нэвтрүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлсэн.

Сүүлийн жилүүдэд хийн түлшний салбар амжилттай хөгжиж нийслэл, аймгийн төвүүд, сум суурин газруудад автомашин хийгээр цэнэглэх станцууд, ахуйн хий цэнэглэх цэгүүд олноор баригдаж, үйл ажиллагаа явуулах болсон нь байгаль орчинд ээлтэй цэвэр түлшний хэрэглээ нэмэгдэх, агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой болсон.

Үе үеийн Засгийн газрууд түлш, шатахууны гадаад хамаарлаас ангижрах, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахыг зорьж үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгаж ирсэн байдаг.

Монгол Улсын Их хурал, Засгийн газар2017 онд БНЭУ-аас олгож буй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлсэн нь газрын тосны салбарын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээгээд байна.

Энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажил өнөөдөр ид өрнөж, төслийн эхний үе шатны ажил болох технологийн бус барилга, байгууламжийн бүтээн байгуулалтад БНЭУ-ын болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн инженер, техникийн ажилчид цаг хугацаатай уралдан ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Мөн Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдлыг бататгах ач холбогдол бүхий ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамнуулан байгалийн хий дамжуулах хоолойг барьж байгуулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Эдгээр нь монголчууд бид газрын тосны салбарт хэдийнээ дадлагажин, мэргэшиж, олон инженер, техникийн ажилтан, албан хаагчидтай болж, энэ салбарыг жил ирэх бүр хөгжүүлэн дэлгэрүүлэх чадамжтай болсны баталгаа юм.

Хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй, харилцан ашигтай, ил тод, хариуцлагатай, хууль дээдэлсэн газрын тосны салбарыг хөгжүүлэх замаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэн ажилласаар ирсэн ба цаашид ч хүчин чармайлт гарган ажиллах болно.

Эх орны хөгжил дэвшлийн хөдөлгүүрийг тэтгэгч газрын тосны салбарын үе үеийн төлөөлөл хамтран зүтгэгч Та бүхэнд болонгэр бүлд тань түүхт 80жилийн ойн баярыг тохиолдууландахин эрүүл энх, аз хийморийг хүсэн ерөөе.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД                       Г.ЁНДОН