Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт “Монгол Газрын тосны боловсруулах үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй Засгийн газрын бүрэлдэхүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зөвлөх Ш.Адьшаа, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны ГТБХХХ-ийн дарга Ч.Хишигдалай, ДБХ-ийн дарга Х.Шүрэнцэцэг нар тус газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл явц, цаашдын хэтийн төлөв, стратегитай танилцав.
Монгол-Энэтхэг хоёр улсын хамтын ажиллагааны аж үйлдвэрийн гол бүтээн байгуулалт болох Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт нь 2021 оноос хойш төслөө амжилттай хэрэгжүүлээд байгаа юм. Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд баригдаж буй Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад гадаад, дотоодын 1300 гаруй мэргэжилтэн, инженер техникийн ажилтан гар биеэр оролцон ажиллаж байгааг төслийн багийн зүгээс танилцуулав. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалт нь;
• Технологийн бус барилга, байгууламж,
• Атмосферийн болон вакум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж түүнийг дагалдах байгууламжууд,
• Үйлдвэрийн дулааны цахилгаан станц,
• Лицензтэй технологийн байгууламжууд гэсэн үе шаттайгаар хэрэгжиж байна.
Эхний багц ажлын хүрээнд цахилгаан болон ус дамжуулах системийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөөд буй талаар төслийн бүтээн байгуулалтын багаас танилцуулав.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэн, инженерчлэлээс бүтээн байгуулалтын шат руу шилжүүлэн 2027 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй юм. Энэхүү цогц бүтээн байгуулалтын инженерчлэл, барилга угсралтын ажилд Энэтхэг, Итали, Франц, ХБНГУ, АНУ, Англи, Канад, БНХАУ гэх мэтчилэн 10 гаруй улс орон оролцож байгааг онцлон тэмдэглэв.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын зах зээлээ түлш, шатахуунаар хангах боломжтой бөгөөд нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болохыг Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг илэрхийлэв.
#Аж_үйлдвэр_эрдэс_баялгийн_яам