
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БАЙРШИЛ, ЗАРДЛЫН ҮР АШИГТ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн байршил, шийдэлтэй холбоотой асуудлаар дараах байр суурийг онцоллоо.

Үүнд:
-Эрдэнэс Тавантолгой” ХК нь жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийг 1 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж, ашиглалтад оруулаад байна. Тус үйлдвэр нь олон жил яригдсаны эцэст ашиглалтад орсон ч зарим зохион байгуулалтын болон зардлын асуудал үүсжээ.
-Юуны өмнө, үйлдвэрийг уурхайн дотор бус, 12.5 км алсад барьсан нь тээврийн зардлыг нэмэгдүүлж байна.
-Одоогийн байдлаар 1 тонн нүүрсийг авто тээврээр хүргэхэд 18,000 төгрөг зарцуулж байгаа бөгөөд авто тээврээр үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангах боломжгүй тул 280 тэрбум төгрөгийн өртөгтэй конвейерын систем барихаар төлөвлөжээ. Гэвч конвейер ашигласан тохиолдолд ч 1 тонн нүүрсийг 6,000 төгрөгийн зардлаар тээвэрлэх тооцоо гарсан байна.
-Мөн уурхайгаас зайтай барьсан нь нэмэлт таван агуулах барих шаардлага үүсгэсэн бөгөөд энэ нь шаардлагагүй хөрөнгө оруулалт нэмэгдэх шалтгаан болжээ. Хэрэв үйлдвэрийг уурхайн дотор байгуулсан тохиолдолд ийм хэмжээний дэд бүтэц шаардагдахгүй байх боломжтой байв.
-Түүнчлэн Өмнөговийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудын хувьд байгальд ээлтэй, үр ашигтай үйлдвэрлэлд цахилгаан эрчим хүч чухал үүрэгтэй.
-Гэсэн хэдий ч үйлдвэрийн дэргэд дулааны станц барьсан ч цахилгаан эрчим хүчний холболт, ашиглалт хийгдээгүй байгаа нь шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг хэвээр байна.



