АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны хангамж, нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 137 шатахуун түгээх станцад нийт 1,691 тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Үүнээс Улаанбаатар хотын 95 ШТС-д 1,135 тонн, орон нутгийн 42 ШТС-д 556 тонн шатахуун нийлүүлж, түгээлтийг хэвийн үргэлжлүүлж байна.
ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын шатахууны хангамжийн эрсдэлийг бууруулах, импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилгоор БНХАУ, БНСУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлох ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд БНСУ-аас эхний хоёр мянган тонн, БНХАУ-аас эхний найман мянган тонн дизель түлшийг тус тус татан аваад байна. Дизель түлш нь уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн гол салбаруудын тасралтгүй үйл ажиллагааг хангах чухал хэрэглээ учраас намрын ургац хураалтын үеийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор татан авалт, тээвэрлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна.
Үүний зэрэгцээ Монгол Улсын үндсэн хэрэглээ болох АИ-92 автобензиний нийлүүлэлтийг ОХУ-аас тогтвортой үргэлжлүүлж, энгийн АИ-92 болон Евро АИ-92 автобензиний татан авалтыг нэмэгдүүлэн, дотоодын хангамжийг тасалдуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 11 хоногийн нөөцтэй байна.
ШАТАХУУНЫ НӨӨЦ ХАДГАЛАХ ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА
Шатахууны нийлүүлэлтийн эрсдэлийг урт хугацаанд бууруулах зорилгоор импортын эх үүсвэрийг төрөлжүүлэхийн зэрэгцээ дотоодын нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд шатахууны нөөцийн сав, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалт үргэлжилж байгаа бөгөөд 16 мянган м³ багтаамж бүхий нөөцийн савыг ашиглалтад оруулаад байна.

ИРГЭДЭД ШАТАХУУН ОЛГОХОД ЗОХИОМОЛ ХЯЗГААРЛАЛТ ҮҮСГЭХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Зарим шатахуун импортлогч, жижиглэн борлуулагч аж ахуйн нэгж зөвхөн карт, талон болон гэрээт хэрэглэгчдэд үйлчлэх зэргээр иргэдэд хүндрэл учруулж байгаа асуудал гарч байна.
Иймд шатахуун түгээх станцуудаар иргэдэд үйлчлэхдээ зохиомол хязгаарлалт үүсгэхгүй, шатахууныг иргэдэд хүртээмжтэй, шуурхай түгээх чиглэлийг холбогдох аж ахуйн нэгжүүдэд өгч, хэрэгжилтэд хяналт тавьж байна.
Мөн зарим аймаг, суманд үүсэж буй шатахууны хангамжийн хүндрэл, тээвэрлэлтийн саатлыг арилгах зорилгоор хүргэлтийн автоцистерний тоог нэмэгдүүлж, орон нутгийн түгээлтийг эрчимжүүлэх арга хэмжээ авч байна.

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60 ГАРУЙ ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Монгол Улсын шатахууны импортын хараат байдлыг урт хугацаанд бууруулах бодлогын хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байна. Өнөөдрийн байдлаар төслийн бүтээн байгуулалтын нийт гүйцэтгэл 60 гаруй хувьд хүрээд байна.
Үүний зэрэгцээ дотоодын түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор газрын тосны эрэл, хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх, шинэ талбайд хөрөнгө оруулалт татах, шаардлагатай үед түүхий тосны нөөц бүрдүүлэх чиглэлээр холбогдох ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Ийнхүү шатахууны хангамж, нийлүүлэлтийг богино хугацаанд тогтворжуулахын зэрэгцээ импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх, нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотоодын газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах чиглэлээр ажиллаж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орох юм.