“ИЛ ТОД УУЛ УУРХАЙ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫН 3 САРЫН МЭДЭЭ
Уул уурхайн яам сар бүрийн 4 дэх долоо хоногийн Лхагва гарагт “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар өнгөрсөн хугацаанд УУЯ-наас хийсэн ажлын талаар болон олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим асуудлаар мэдээлэл хийе.
Төмрийн хүдрийн борлуулалтын гэрээний үнээс тооцож АМНАТ ногдуулна
Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2007 оны “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоол, 2014 оны “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 220 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлж батлууллаа. Ингэснээр төмрийн хүдэр экспортлогч аж ахуйн нэгжийн мэдүүлсэн борлуулалтын гэрээний үнийн дүнд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ ногдуулах боломж бүрдэж байна.
Өмнө нь төмрийн хүдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгчдээс Хятадын ган үйлдвэрлэгчдэд нийлүүлж байгаа Dampeir Hedland боомтын /www.umetal.com/ цахим хуудсанд нийтэлсэн FOB үнэд үндэслэн “жишиг үнэ” гаргаж тооцдог байсан.
Тогтоолын хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан төмрийн хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ыг боловсруулж үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан болно. Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс улсын төсөвт оруулах орлого багасахаар харагдаж байгаа хэдий ч борлуулалтын гэрээний үнэд шилжсэнээр татварын бааз суурь өргөсч, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг төсөвт оруулах бусад татвар, төлбөр хэлбэрээр орох орлогын хэмжээ нэмэгдэнэ. Мөн төмрийн хүдрийн уурхай болон түүнийг дагасан үйлчилгээний салбарт олон тооны ажлын байр хадгалагдаж үлдэхээс гадна төмөр замын тээврийн тасралтгүй ажиллагаа хангагдах юм.
Хэрвээ төмрийн хүдэр экспортлогч аж ахуйн нэгж нь борлуулалтын орлогыг буруу мэдээлсэн тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Сангийн яамнаас зарладаг “Жишиг үнэ”-ээр тооцож ногдуулахаар тогтоолд заасан болно.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг батлууллаа
Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талааp төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж хооpонд байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан. Энэхүү гэрээний загварыг боловсруулахад мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудын саналыг тусгасан болно.
Шинээр батлагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар нь төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой болгож, хөрөнгө оруулагчдад ил тод, ойлгомжтой болж, хайгуул ашиглалтын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах боломжийг олгож, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Тухайлбал, хайгуулын хугацааг үе шатанд хуваах, хайгуул ашиглалтын талбайг буцаах, байгаль орчин хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, орон нутагтай харилцах, үйл ажиллагаагаа тайлагнах зэрэг харилцаа илүү ойлгомжтой тодорхой болно.
Одоогийн байдлаар 8 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах бэлтгэл хангагдаад байна.
Экспортод гаргаж буй нүүрсний ангиллыг олон улсын жишигт нийцүүллээ
Монгол Улс баяжуулсан, коксжих, сул коксжих, эрчим хүчний, хүрэн нүүрс зэрэг ангиллаар нүүрс экспортолж байгаа боловч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцохдоо тухайн нүүрсний ангиллаас үл хамааруулан илчлэгийг голлох үзүүлэлт болгож байсан. 2015 оны 3 дугаар сарын 16-ны Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж, нүүрсний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчмыг баталлаа. Ингэснээр экспортод гарч буй нүүрснээс нөөц ашигласны төлбөр тооцох аргачлал тодорхой болж, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457-2014” стандартыг үндэслэн жишиг үнийг тооцдог болсноор Монгол Улс олон улсын жишигт нийцсэн нэр томъёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үнийг зарлах ба бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар бүтээгдэхүүнээ экспортлох боллоо.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох явц хэвийн үргэлжилж байна
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэнээс хойш нийт 780 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна.
Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 698 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 44 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-3, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 11 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна.Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 720 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 478 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Харин 242 цахим дугаар авсан аж ахуйн нэгжүүд цагтаа ирж өргөдлөө гаргаагүй байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 478 өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 29 тусгай зөвшөөрөл шинээр олгож, 292 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тул холбогдох аймгийн Засаг даргын санал авахаар Ашигт малтмалын газраас мэдэгдэл хүргүүлээд байна.
“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” батлагдсанаас хойш тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Төв, Увс, Хэнтий, Завхан, Дорноговь зэрэг нийт 9 аймгийн 195840 га бүхий эхний 29 талбайд орон нутгийн удирдлагаас санал авсан ба дэмжиж санал ирүүлсэн 8 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг 2015 оны 3 дугаар сарын 19-нд зарлаад байна.
Сонгон шалгаруулалт зарласан талбайн босго үнэ болон бусад мэдээллийг Ашигт малтмалын газрын цахим хуудсанаас (www.mram.gov.mn) болон Ашигт малтмалын газраас авч болно.
Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын дүнд 29 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 13 талбайд сонгон шалгаруулалтыг зарласан ба 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр сонгон шалгаруулалтын саналыг нээнэ.
Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар
Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр батлах тухай УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолд заасан “Алтны олборлолтыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд “Алтны олборлолтыг нэмэгдүүлж эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 94 дүгээр тогтоолыг батлуулаад байна.
Уг тогтоолын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй, хайгуул хийж нөөц тогтоосон, олборлолт явуулахад бэлтгэгдсэн хөрөнгө оруулалтаа шийдээгүй аж ахуйн нэгжүүд болон санхүүгийн хүндрэлээс шалтгаалан олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй байгаа алтны ордуудын хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийг алтыг худалдан авах нөхцөлтэйгээр урьдчилгаа олгох, урьдчилан худалдан авах замаар шийдвэрлэх юм. Түүнчлэн "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн дагуу журам, гэрээний загварыг Засгийн газар батлана. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг үйл ажиллагаа нь сэргэсэн, олборлолт явуулах тусгай зөвшөөрлүүдийн хэмжээнд тогтоох, нөөцийн тодотголыг хийж, техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хэлэлцэж бүртгэх ажлуудыг яаралтай зохион байгуулж гэрээ байгуулна. Ийнхүү гэрээ байгуулсан алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа сэргээх, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг дээрхтэй ижил нөхцөлөөр зохион байгуулах юм.
Мөн алт олборлолт нэмэгдэж байгаагаас Сорьцын хяналтын албаны хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий болсныг шийдвэрлэх, улсын хилийн зурвас болон тусгай хэрэгцээний газар нутгуудад байрлах хууль бус олборлолтод /нинжа/ удаа дараа өртөж буй алтны орд, илрэлүүдийг хүчний байгууллагын хамгаалалтанд авах, шаардлагатай гэж үзвэл зарим нэгийг нь төрийн өмчит хуулийн этгээдээр ашиглаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна.
УУЯ-ны зүгээс энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулаад байгаа бөгөөд Монгол банк, “Алт олборлогчдын холбоо”-той хамтран зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч судалж байна.
Гацууртын ордын төрийн эзэмшилийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээг хийж байна
Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК- тай тус ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээг хийх ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдсан, тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор Уул уурхайн сайдын тушаалаар дэд ажлын хэсэг байгуулагдан тус тус ажиллаж байна. Одоогоор тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийх бэлтгэл ажлын хүрээнд хууль эрх зүй, эдийн засаг, санхүү-хөрөнгө оруулалт, технологийн шат дамжлагууд зэрэг ажлууд дээр дүн шинжилгээ хийж байна.
Уул уурхайн салбарын гадаад хамтын ажиллагаа
Уул уурхайн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгооор хоёр талын уулзалт яриаг идэвхтэй явуулж ирлээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигжид Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов, БНХАУ-ын элчин сайд Ван Шаолун, Япон Улсын Элчин сайд Шимизү Такэнори, Франц Улсын Элчин сайд Ив Дэлунэ, АНУ-ын Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К.И.Кобландин, ХБНГУ-ын Элчин сайд Герхад Тийдеманн, Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд С.В.Чепурной, Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэр, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Кристофер Чарльз Стюарт нарыг хүлээн авч уулзсан байна.
Мөн тэрбээр гадаад орны болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөлтэй 35 удаа уулзалт хийж, Монгол Улсын эдийн засаг, экспортын тулгуур салбар болсон уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, ил тод, өрсөлдөх чадвартай, болгох чиглэлд Засгийн газраас сүүлийн үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал хийв. Ажлын айлчлалын хүрээнд Уул уурхайн сайд Р.Жигжид Канадын Сангийн сайд ноён Жо Оливер, Гадаад худалдааны сайд ноён Эд Фаст, Канадын Парламентын Нийтийн танхимын гишүүн, уул уурхайн асуудал эрхэлсэн парламентын Төрийн нарийн бичгийн дарга, сайд хатагтай Келли Блок, Канадын парламентын гишүүн ноён Грег Грове, Канадын экспортыг дэмжих байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Карл Бурлок, Уул уурхайн хайгуулч, олборлогчдын холбооны ерөнхийлөгч ноён Род Томас зэрэг Канадын төрийн байгууллагуудын удирдлагатай уулзав.
Ажлын айлчлалын үеэр “Монгол Улсын Уул уурхайн яам, Канадын Байгалийн баялгийн яам хооронд эрдэс баялаг, металлын салбарын тогтвортой хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөө” байгуулсан. Энэхүү төлөвлөгөөнд Монгол Улсын кадастрын албыг бэхжүүлэх, уурхайн ордын ангиллыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, уурхайн олборлолт, хаах, нөхөн сэргээх үйл ажиллагааны тэргүүний технологийг нэвтрүүлэх, уул уурхайн салбарын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд техникийн туслалцааг Канадын тал 2017 он хүртлэх хугацаанд үзүүлэхээр тогтов. Ажлын айчлалын хүрээнд Канадын Онтарио мужийн Тимминс хотод үйл ажиллагаа явуулж буй “Гоулдкорп” ХХК-ийн алтны ил уурхайтай танилцав. Энэхүү алтын ил уурхай нь ойн болон усны сангийн бүсэд хотын оршин суугчдаас зөвхөн уурхайн далангаар тусгаарлан зэрэгцэн оршиж, аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлж чадсан нь онцлогтой байв.
Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн ХБНГУ-ын Берлин хотноо 2015 оны 3 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Их Долоо-Коннекс зөвлөлдөх хуралдаан”-нд оролцов. Хуралдаан нь дэлхийн тэргүүлэгч аж үйлдвэржсэн орнууд болох “Их Долоо” улсуудын санаачилгаар хөгжиж буй орнуудыг уул уурхайн салбарт гэрээ хэлцэл хийхэд үзүүлэх дэмжлэг туслалцааг тодорхойлох зорилготой байв. Германы тал манай улсын тодорхой төслийг загвар төслөөр сонгон зөвлөх үйлчилгээний техникийн туслалцааг үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн.
Уул уурхайн яамны төлөөлөгчид 2015 оны 3 дугаар сарын 17-20-нд Австрали улсын Геологийн албаны хүмүүстэй уулзалт хийж, геологийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү ажлын үр дүнд Австрали улсаас Монголын Засгийн газарт үзүүлэх дэмжлэг туслалцааны хүрээнд Монголын Үндэсний геологийн алба байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, чадавхыг сайжруулах, геологийн мэдээллийн санг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, хамтарсан геологийн судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, монголын геологич, судлаачдыг мэргэшүүлэх, сургах талаар австралийн талтай ярьж тохирсон байна.
“Монголын геологи, хайгуул-2015” чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө
“Монголын геологи, хайгуул-2015” чуулга уулзалт 2015 оны 3 сарын 19-20 өдрүүдэд Оросын шинжлэх ухаан мэдээллийн төвд боллоо.
Энэ жилийн чуулга уулзалтыг Монголын үйлдвэрлэлийн Геологчдын холбоо зохион байгуулсан бөгөөд дэмжигч байгууллагаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, ШУТИС, МУИС, салбарын мэргэжлийн холбоод оролцсон.
Чуулга уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, салбарын эрдэмтэн, судлаач, үе үеийн геологчдыг төлөөлсөн 700 орчим төлөөлөгч оролцож, 40 гаруй илтгэлийг хэлэлцэв.
Уулзалтын үеэр Геологийн салбарын эрх зүйн орчны шинэчлэл, Монгол орны региональ геологийн судалгаа, нүүрс, газрын тос, уран, газрын ховор элемент, алт эрдсийн илрэлүүдийн гарал, үүсэл, тогтоц, онцлог, тэдгээрийг эрэх, хайхад анхаарах асуудлуудыг хөндөв.
Чуулга уулзалтанд оролцогчдын зүгээс Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого УИХ-аар батлагдсан, АМТХ, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Газрын тосны хууль батлагдсан, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн нь геологчдын ажлын цар хүрээ нэмэгдсэн гэж оролцогчид дүгнэж байлаа. Мөн АМТХ-д оруулсан нэмэлт өөрчлөлт, Монгол Улс ашигт малтмалын ордын нөөц тайлагнах олон улсын байгууллага “CRIRSCO”-д элссэнтэй холбогдуулан геологчид мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, олон улсад итгэмжлэгдсэн мэргэжилтэн болох эхлэл тавьсаныг онцолж байсан юм. Түүнчлэн төрөөс тогтоосон газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн ч АМТХ-д заасны дагуу аймгийн удирдлагаас санал ирүүлэх саатаж байгаа нь хайгуулын ажил эхлэх үйл ажиллагаанд саад учруулж байгаа талаар санал бодлоо илэрхийлж байв.
10. Уул уурхайн салбарын статистик мэдээлэл
Салбарын гол нэр төрлийн ашигт малтмалын олборлолт, экспортыг авч үзвэл 2015 оны 2 дугаар сарын байдлаар 1.7 сая тонн нүүрс, зэсийн баяжмал 205.8 мянган тонн, молибдений баяжмал 0.7 мянган тонн, жонш 32.5 мянган тонн, төмрийн хүдэр 790.3 мянган тонн, алт 2.5 тн, цайр 17.4 мянган тонн, газрын тос 1218.5 мянган баррель тус тус олборлож экспортолсон байна.
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл 2015 оны 2 дугаар сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 6.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.
Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 5.4 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 103.4 сая төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөг байна.
Газрын тосны газар нийт 16.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 16.2 тэрбум төгрөг, бусад орлого 308.4 сая төгрөг байна.
Уул уурхайн сайдын багцын орлогоор нийт 23.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.
Шатахууны ердийн хэрэглээний 47 хоногийн нөөцтэй байна
2015 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар 228,799 тонн газрын тос олборлож 218,356 тонн газрын тос экспортолсон байна.
2015 оны 3 дугаар сарын 24–ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 47 хоног буюу нийт 139,819 тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаагаас А-80 автобензин 65 хоног, Аи-92 автобензин 53 хоног, Дизелийн түлш 48, ТС-1 21 хоногийн нөөцтэй байна.