“Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын 5-р сарын мэдээ
Төмрийн салбарт анхаарлаа хандуулна
Уул уурхайн сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Эрдэнэт хот дахь “Бэрэн групп” ХХК-ийн харьяа “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор”, мөн Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдын нутагт орших “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн Баянголын төмрийн хүдрийн уурхай, “Эрдэс групп” ХХК-ийн “Төмөртэйн гол” төмрийн хүдрийн уурхай, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн харъяа Төмөртэйн хүдрийн уурхай болон тэдний хуурай болон нойтон баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Сүүлийн жилүүдэд төмрийн хүдэр, баяжмалын үнэ дэлхийн болон өмнөд хөршийн зах зээл дээр унаж дээрх компаниудын экспортын орлого, санхүү мөнгөний хувьд хүндхэн байдалтай байна. Цаашдаа төмрийн хүдрийн уурхайнууд нэгдсэн бодлогоор үнээ унагахгүй борлуулалт хийх нь чухал байна. Ингэхийн тулд манай яамнаас боловсруулж байгаа Эрдэс баялгийн биржийн төсөл чухал үүрэгтэй юм.Эрдэс баялгийн бирж байгуулах асуудлыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олголт хэвийн үргэлжилж байна
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэнээс хойш нийт 956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 899 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 1686 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 965 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Үүнээс Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 234 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба тусгай зөвшөөрөл олгох боломжтой 496 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлээд байна.
Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын дүнд 34 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 8 талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан шаардлага хангаагүй тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.
Улсын төсөвт энэ оны 1 дүгээр сарын 1-нээс энэ сарын 26-ны байдлаар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 12.42 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөр 488.35 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 477 сая төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 728 сая төгрөг, нийтдээ 14.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
174 тусгай зөвшөөрлийн давхацлыг тодорхойлоод байна
“Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн бүсэд хамрагдсан 398 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж талбайн давхцал тогтоолгохоор БОНХАЖЯ-нд хандаж, 174 тусгай зөвшөөрөлд тодорхойлолт гаргуулсан. Үлдсэн тусгай зөвшөөрлүүдийн давхцалыг тогтоох ажил хийгдэж байна. Мөн хилийн заагийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх ААН-үүдийн гомдлыг БОНХАЖЯ дээр хүлээн авч хянан шийдвэрлэж байна.
Хүсэлт гаргасан ААН-үүдээс батлагдсан загварын дагуу АМГ дээр өргөдөл хүлээн авч байна. Одоогоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэ
н явуулах 161 тусгай зөвшөөрөл эзэмшигч маягтын дагуу өргөдлөө гаргаад байна. Өргөдөл хүлээн авах хугацаа энэ оны 6 дугаар сарын 17-ноор дуусгавар болно. Үүнээс хойш гэрээ байгуулах хугацаа хуульд зааснаар 6 сар үргэлжилнэ.
Энэ ажлыг шуурхай явуулах үүднээс УУЯам, БОНХАЖЯам хамтран Ажлын хэсэг байгуулж байгаа ба Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан Журамд өөрчлөлтийг оруулна.
Орон нутгийн хүртэх орлогын хувь, хэмжээ нэмэгдлээ
Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Энэ хууль батлагдсанаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг тус тус нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрөх юм. Ийнхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутаг шууд хувь хүртэх боломж бүрдлээ.
“Богд IV” ба “Онги V” талбайд “BG Group”-тэй хамтран ажиллахаар боллоо
Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд газрын тосны хайгуулын “Богд IV” ба “Онги V” талбай дээр Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Сентрал азиан петролеум корпорэйшн лимитэд” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн гэрээлэгчийн эрх, үүргийг “BG Mongolia holdings limited” компанид хэсэгчилэн шилжүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоол гарлаа.
Газрын тосны хууль 2014 онд шинэчлэгдэн батлагдсаны дараа хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж BG, Chevron, Anadarko зэрэг дэлхийд томоохонд тооцогддог компаниудтай хамтран ажиллах яриа хэлэлцээг эхлүүлсний үр дүнд Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
Уг гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм. 2015 онд 13.6 сая ам.доллар, 2016 онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1.4 сая ам.долларыг Засгийн газарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2014, 2015 онуудад төлөх төлбөрт зарцуулна. Мөн бусад ажил, үүргүүдийг санхүүжүүлэх зорилгоор нэмэлт 4.55 сая ам.долларын санхүүжилт хийхээр тохирсон байна. Ингээд нийт хөрөнгө оруулалт 32,55 сая ам.доллар болох юм.
“BG Group” нь судлагдаагүй эрсдэл ихтэй газарт амжилттай хөрөнгө оруулалт хийдгээрээ туршлагатай бөгөөд сүүлийн 15 жилд томоохон хэмжээний 15 ордыг нээн илрүүлээд байгаа юм. “BG Group” нь байгалийн хийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч, өнөөгийн үнэ цэнээр нийт 45 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 20 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг байна.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилнэ
Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх эрх бүхий ажлын хэсэг сүүлийн 3 сарын турш эрчимтэй, үр дүнтэй ажилласны үр дүнд энэ сарын 18-ны өдөр Дубай хотноо “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд монголын талаас Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс Оюутолгой ХХК нөгөө талаас Туркойс Хилл Ресурсес Лимитед болон Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниуд гарын үсэг зурлаа. Ингэснээр төслийн санхүүжилт болон татварын талаархи санал зөрөлдөөнтэй байсан асуудлууд болон Хөрөнгө оруулалтын гэрээний зарим нэгэн тодорхой бус байсан зүйл заалт тодорхой, ойлгомжтой болж далд уурхайн бүтээн байгуулалтын ажил цаашид үргэлжлэх нөхцөл бүрдэж, улмаар манай эдийн засаг дахь гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах эерэг дохиог гадаад зах зээлд өглөө. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдаагүй байсан Оюутолгой төслийн нийт өгөөжийн 54 хувийг монголын тал хүртэх асуудлыг баталгаажуулж, Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагаа болон санхүүд монголын тал хяналтыг тавьж ажиллах тогтолцоог бий болгож, менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед 3 хувь болгож, 4.2 тэрбум ам. долларын төслийн зээлийг далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулахаар талууд тохирсон байна.
Гадаад хамтын ажиллагааны талаар
Уул уурхайн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна
Энэ сард Уул уурхайн сайд Р.Жигжид Мьянмарын Холбоооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд ноён Вунна Маун Лвин-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд нар “Монгол, Мьянмар хоёр орон байгалийн нөөц баялаг ихтэй орнууд”-ын хувьд байгалийн баялгийг зөв зохистой ашиглах талаар хамтран ажиллах талаар санал солилцов. Монголын тал ил тод, хариуцлагатай уул уурхайн санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Мьянмарын тал Монголын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулсан талаарх туршлага судлах санал тавьлаа.
Мөн сайд Р.Жигжид Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд У Сунг-тай уулзаж, хоёр тал уул уурхайн нөхөн сэргээлт болон нүүрсний давхаргын метан хий ашиглах хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах хүрээнд сайд Р.Жигжид Бүгд Найрамдах Франц Улсын “Эир Ликид”, “Арева” болон Израил Улсын “Дрим-Диам”компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.
Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уул уурхайн салбарын статистик мэдээлэл
Энэ оны эхний 4 сарын байдлаар нүүрс 8.0 сая тонн, алт 1.4 тн, газрын тос 341.7 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 68.9 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 241.7 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 0.8 сая тонн, цайрын баяжмал 32.5 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна.
Энэ оны эхний 4 сард 414.7 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 1.5 сая тонны, алт 3362.0 кг, нүүрс 4.2 сая тонн, газрын тос 343.2 мянган тонныг тус тус экспортлосон байна.
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл
Энэ оны эхний 4 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 13.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 10.3 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 702.5 сая төгрөг, бусад орлого 2.9 тэрбум төгрөг байна. Газрын тосны газар нийт 30.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 30.4 тэрбум төгрөг, бусад орлого 308.4 сая төгрөг байна. Уул уурхайн сайдын багцын орлого нийт 44.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.
Ердийн хэрэглээний 42 хоногийн нөөцтэй байна
05 дугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 45, Аи-92 автобензин 59, дизелийн түлш 37, ТС-1 29 хоногийн нөөцтэй байна.