УИХ-ын ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилтай танилцав
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллаж, салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэл болон өнгөрсөн хугацаанд хийгдсэн, цаашид хийхээр төлөвлөж буй ажилтай нь танилцав.
Тус байнгын хорооны ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ахалж байгаа бөгөөд уулзалтад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга, Д.Сумъяабазар, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар, Л.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Л.Элдэв-Очир, А.Ундраа, Б.Ундармаа, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар нар хүрэлцэн ирлээ.
Уулзалтыг нээж Уул уурхай, хүнд үйлвэрийн сайд Ц.Дашдорж үг хэлэв. Тэрээр “Уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийн суурь болсон салбар. Эдийн засаг хүндэрсэн энэ үед Засгийн газрын зүгээс эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээг авч эхэлсэн. Салбарын зүгээс хэд хэдэн томоохон ажлыг хийж эхлүүлэхээр төлөвлөсний дотор Газрын тосны үйлдвэр байгуулах, Нүүрсийг нэмүү өртөг шингээх боловсруулах үйлдвэр барих зэрэг хүнд үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээв.
Дараа нь бодлогын газрын дарга нар нь 2020 он хүртэл баримтлах бодлого болон хууль, эрх зүйн орчны шинэчлэл, газрын тос, геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах гэх мэт анхаарал татаж буй ажлуудынхаа талаар илтгэл тавьж танилцуулсан юм.
Тэд илтгэлээрээ сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эрс буурсныг дурдаад “Хөрөнгө оруулалт татах чадварын индексийг олон улсын “Фрейзерийн хүрээлэн”-ээс гаргадаг. Уг индексээр манай улсын хөрөнгө оруулалт татах түвшин 2011-2012 онд 93 орноос 41-т эрэмбэлэгдсэн бол өдгөө 109 оноос 85-д эрэмбэлэгдсэн байгаа нь хөрөнгө оруулалтаа хэр зэрэг алдсныг нотлож байна” гэв.
Ийнхүү хөрөнгө оруулалт буурч байгаа нь дүрэм журмын давхцал, уялдаагүй байдал, хуулийн систем ойлгомжгүй, төмөр зам, авто замд холбогдох боломж, эрчим хүчний хангамж муу байгаагаас шалтгаалж байна хэмээн “Фрейзерийн хүрээлэн”-ээс дүгнэжээ. Иймээс хөрөнгө оруулалтаа татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг олохын тулд хууль, эрхзүйн орчны шинэчлэл хийх шаардлагатай гээд Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудад 2016 ондоо багтааж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Уул уурхайн тухай хуулийг шинээр өргөн барихыг хууль тогтоогчдоос хүслээ.
Илтгэл, танилцуулгын явцад УИХ-ын гишүүд зарим зүйлийг тодруулж, хариулт авлаа. Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо болон Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад голлох үүрэг гүйцэтгэх яамны холбогдох хүмүүсийн уулзалт харилцан мэдээлэл, санал солилцож, тулгамдаж буй бэрхшээлүүдэд гарц шийдэл хайсан ажил хэрэгч болж өндөрлөлөө.