Салбарын өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө
Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болов.
Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж, УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт болон харьяа газар, хэлтсийн дарга, удирдлагууд оролцлоо.
Сайд хэлсэн үгэндээ “Геологи, уул уурхайн салбарыг хөндлөнгөөс харахад хад чулуунд хамаатай юм шиг боловч үнэндээ бол нийгмийн дэмжлэг, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг салбар юм. Тиймээс салбараа олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулж, танин мэдүүлэхэд энэ салбарт ажиллагсдын үүрэг, оролцоо багагүй гэдгийг онцлохын зэрэгцээ өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгийн ач холбогдол ч үүнд оршиж байгаа” гэлээ.
Өдөрлөгийн үеэр “Уурхайчин” соёлын ордны уран бүтээлчид ая дуугаараа үзэгч, оролцогчдын сонорыг мялааж, тус салбарын шилдэг төлөөлөл болсон “Эрдэнэт”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Багануур”, “Шивээ овоо”, “Цайртменерал”, “Петровис”, “Шунхлай”, “Бороо гоулд” зэрэг 30 шахам аж ахуйн нэгж ажил үйлсээ олон нийтэд танилцуулж байна.
Нээлтийн дараа салбарын удирдлагууд оролцогч байгууллагуудынхаа асраар явж, ажил байдалтай нь танилцав. 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар салбарын хэмжээнд 11.7 сая тн нүүрс, 322.3 мян.тн зэсийн баяжмал, 1.4 мян.тн молибдений баяжмал, 2.0 тн алт, 39.6 мян.тн хайлуур жонш үйлдвэрлэж, өнгөрсөн оныхоос алт 13.6%, молибдений баяжмал 23.5%, жоншны баяжмал 30.4%, нүүрс 2.2 дахин, төмрийн хүдэр 4 дахин өсч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 2 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Мөн газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй компаниуд маань 6 дугаар сарын 1-ний байдлаар 403 мянган тонн газрын тос олборлож, экспортлон 67,5 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулж, төлөвлөгөөний гүйцэтгэл 37 %-тай бүрдүүлж явна.