Сайд Д.Сумъяабазар Олон улсын Уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцлоо
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Олон улсын уул уурхайн сайд нарын 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Торонто хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хайгуулч, олборлогчдын чуулга уулзалтын үеэр тохиосон уг дээд хэмжээний уулзалтад Перу, ОХУ, Чили, Энэтхэг, Австрали, Канад, Аргентин, Ирланд, Саудын Араб зэрэг 28 орны уул уурхайн асуудал эрхэлсэн сайд нар оролцов.
Ирээдүйн уул уурхайн салбарыг хөгжүүлэх, уул уурхайн эдийн засаг, нийгмийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, олон нийт, уул уурхайн компаниудын хоорондын “итгэлцэл” чухал болохыг тус уулзалт онцоллоо.
Хайгуул, ашиглалтын салбарт итгэлцэл бий болгох, нэгэнт бий болсон итгэлцлийг хадгалахад Засгийн газрууд, салбарын байгууллагууд, ТББ-ууд болон орон нутгийн иргэд бүгд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр оролцогч талууд уул уурхайн салбарт итгэлцлийг бий болгоход цаг ямагт хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Энэ нь ирээдүйн уул уурхайн салбарыг бүтээх, эрдэс баялгийн арвин нөөцтэй орнуудын эдийн засгийн өсөлтийг хангах түлхүүр болно хэмээн уулзалт оролцогчид санал нэгдлээ.
Мөн Засгийн газар, орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын хоорондын харилцаа буурч, улам бүр бэрхшээлтэй болж байгаа тухай онцлон дурдсан. Үл итгэлцэл нь хөрөнгө оруулалтад хамгийн том саад болж байгааг ухамсарлаж, итгэлцэл, нийтлэг зорилгод үндэслэсэн хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгох хэрэгцээ, шаардлага байгааг уулзалтад оролцогчид хүлээн зөвшөөрлөө.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын Торонтод хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.