Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагууд салбарынхаа ахмадуудын үгийг сонслоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагууд салбарынхаа ахмадуудын үгийг сонслоо

Монголын ахмадын өдрийг угтан геологи, уул уурхай, түлш, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын бодлогыг зангидаж, улс орны том бүтээн байгуулалтуудыг эхлүүлж явсан буурлуудын төлөөллийг салбарын яам нь хүлээн авч, үг сургаалыг нь сонслоо. 

Аж үйлдвэрийн сайд асан П.Дамдин, Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд асан С.Батхуяг, Ч.Хурц, Монгол Улсын анхны ерөнхийлөгч бөгөөд Түлш, эрчим хүчний яамны сайдаар ажиллаж байсан П.Очирбат, Б.Жигжид нарын таван сайд болон нэгдүгээр орлогч, орлогч, дэд сайдаар ажиллаж байсан 12 ахмад, хамтарсан төсөл, үйлдвэрүүдийн Монголын хэсгийн дарга, сайдын зөвлөх зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан бусад ахмадууд уулзалтад иржээ.

Уулзалтад УУХҮ-ийн дэд сайд Х.Бадамсүрэн, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нар оролцсон бөгөөд дэд сайд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр зэрэг манай салбарын төдийгүй Монгол Улсын хөгжил, цэцэглэлтийн бэлгэ тэмдэг болсон томоохон үйлдвэр, уурхайнуудын эцэг болсон хүмүүс энд иржээ. Бид та бүхнээрээ бахархаж, мэдэхгүйд нь мэдүүлэх үүрэгтэй” гэв. Харин ахмадууд салбарын яам, удирдлагуудад амжилт хүсэхийн ялдам өмнөх засаг, яамдын алдааг давтахгүй байж, том төслүүдээ бодитой ажил болгохыг захилаа.