Шатахууны жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар зөвлөмж гаргалаа

Шатахууны жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар зөвлөмж гаргалаа

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан есдүгээр сарын 30-нд УУХҮЯ-ны хурлын танхимд болов.

Хуралдаанаар “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал”, “Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах боломж, хувилбар”-ын талаар хэлэлцүүлэг хийж, гишүүдийн саналыг нэгтгэн гаргаж, “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад зах зээлээс худалдан авч буй шатахууны импортын үнэ өсч байгаатай холбогдуулан, дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүйгээр автобензин, дизель түлшний онцгой албан татварын хэмжээг бууруулан оновчтойгоор тогтоон зохицуулах нь зүйтэй”гэсэн зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Хуралдаанд УУХҮЯ, ЗТЯ, Сангийн яам, Монголбанк, Гааль, Татвар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын ерөнхий газар, МҮЭ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо болон “Ник”, “Магнай трейд”, “М ойл”, “Содмонгол” зэрэг шатахуун импортлогчдын удирдлагууд оролцов.