Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэн байгууллаа
Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2015 оны 104-р тогтоолоор “Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгчийн хооронд байгуулах “Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар”-ыг баталсан билээ.
Үүнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2016 оны 130-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Газрын тосны тухай хууль хууль шинэчлэн батлагдахаас өмнө байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн үндсэн нөхцлийг өөрчлөхгүйгээр гэрээний загварт нийцүүлэн шинэчлэх ажил хийгдэж байна.
Энэхүү ажлын үр дүнд газрын тосны хайгуулын Сулинхээр 23 талбайд Шунхлай энержи ХХК, Номгон-9 талбайд Өмнөд Монголын газар нутгийн тос ХХК, Дарьганга 24 талбайд Монголиа Шин И Энержи ХХК- тай бүтээгдэхүүн хуваах гэрээг тус тус шинэчлэн байгуулсан билээ.
Өнөөдөр газрын тосны хайгуулын Борзон-7 талбайд “Импайр газ Монголиа” ХХК-тай, Төхөм-10 урд талбайд “Монголын Алт” ХХК-тай, Сүхбаатар 27 талбайд Вульф петролиум ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг тус тус шинэчлэн байгуулж гарын үсэг зурлаа.
УУХҮЯ-ны сайдаас баталсан удирдамжийн дагуу хэлэлцээ хийж гэрээг шинэчлэхдээ Газрын тосны тухай хуулийн дагуу нэмэгдэж буй хайгуулын хугацааг баталгаажуулснаас гадна хайгуулын ажлын доод хэмжээг үлдэж буй хугацаанд нийцүүлэн боловсруулах, хайгуулын талбайн хэмжээг шинэчлэн тодорхойлох, захиргааны зардлын хувь хэмжээг гэрээний загварт заасны дагуу шатлалтай болгох зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2017 оноос эхлэн Газрын тосны тухай хуулийн 30.7 заалтын дагуу санхүүгийн жилээр төлөх зэрэг асуудлыг тусгасан протоколыг үйлдлээ.
АМГТГ-ын дарга Б.Баатарцогт гэрээ шинэчлэн байгуулж байгаа Гэрээлэгч компаниудад гэрээнд заасан үүргээ биелүүлж, хайгуулын ажлаа эрчимжүүлж, амжилттай ажиллахыг хүсэв.
Ашигт малтмал, газрын тосны газар