Д.Сумъяабазар: Үндэсний “Зэс” корпораци байгуулаад албан ёсны хувьцаа гаргаж, олон улсын бирж дээр зарж борлуулах ажлыг хийж хэрэгжүүлэх ёстой
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Таны юуны өмнө баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.
-Өдрийн сонины олон мянган уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе.
-Та Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын ажлыг хүлээж аваад ажлаа юунаас эхлүүлж байна вэ?
-Улс орны эдийн засаг хүнд үед сайдын албаа хүлээн авлаа. Өмнө маань амаргүй даваа хүлээж байгаа гэдгийг сайн ойлгож, мэдэрч байгаа.
Би ажлын гараагаа таван зүйлээс эхэлнэ гэж бодож байгаа. Нэгдүгээрт, эдийн засаг үйлдвэрлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх, хоёрдугаарт хариуцлагын тогтолцоо, гуравдугаарт урамшууллын тогтолцоо энэ салбарт зайлшгүй байх ёстой. Дөрөвдүгээрт, даатгалын тогтолцоо байх ёстой. Даатгалын тогтолцоо бол эрдэс баялаг, уул уурхайн салбарт үйлдвэрийн гэнэтийн аваар осол, урт богино хугацааны зогсолтууд гэх зэрэг олон зүйл дээр эрсдэл их гардаг учраас даатгалын тогтолцоо зайлшгүй шаардлагатай. Тавдугаарт бодлогын технологийн тогтолцоог нэвтрүүлэх нь чухал байна.
Намууд улс төрийн сонгуульд оролцохдоо үе үеийн мөрийн хөтөлбөрт байнга уул уурхайг түшиглэсэн хүнд үйлдвэрийг хөгжүүлэх түүнийг дагаад ажлын байрыг нэмэгдүүлэх амлалтууд байдаг. Өнгөрсөн сонгуулиар ч энэ амлалтыг амлаж, сонгогдсон байгаа. Үүнийг хийж, хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно. Ялангуяа зэс хайлуулах үйлдвэр, нүүрс, ган, нефть боловсруулах үйлдвэр гээд ажлын байр ихээр нэмэгдүүлсэн, эдийн засгийг дөрөв дахин тэлэх ийм үйлдвэрүүдийг байгуулахад онцгой ач холбогдол өгч ажиллана.
-Хуучин сайд, яамны хамт олонтой уулзалдахад юуг чухалчилж захиж байх юм. Шинэ сайд нарын зарим нь очоод халаа сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Таны хувьд яамны бүтцийг ямар байдлаар авч явах вэ?
-Ц.Дашдорж сайд бодлогын асуудлуудаа болон хийхээр төлөвлөж байсан ажлуудаа танилцуулсан. Мэдээж хэрэг Монгол төрийн залгамж чанар алдагдах учиргүй гэдгийг хэлээд үргэлжүүлэхээ илэрхийлсэн.
Халаа сэлгээний тухайд бол төрийн алба гэдэг бол зарчимтай, хариуцлагатай ажил. Мэргэжлийн мэргэшсэн хүмүүс заавал ажиллах ёстой. Ялангуяа нарийн мэргэжлийн мэргэшсэн хүмүүсээр баг бүрдүүлж ажиллаж байж төрийн ажил явах ёстой. Хэн нэгний шахаагаар орж ирсэн эсвэл ажлаа хийдэггүй тасалдаг, дүрэм журмаа зөрчдөг хүмүүс байвал хариуцлага ярина.
-Уул уурхайн салбарт орооцолдсон хүмүүсийг улс төрд оруулж ажиллуулмааргүй байна гэж Ерөнхийлөгч хэлж байсан. Гэтэл таныг Ж.Мөнхбат чуулган дээр “Уул уурхайтай холбоотой хүнийг оруулж ирж байгаа нь эрх ашгийн зөрчил биш юм уу” гэж хэлсэн. Танд уул уурхайтай хамаарах тодорхой хэмжээний хамаарал байдаг уу. Та ер нь эрх ашгийн зөрчил гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Намайг уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болоход ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг Авлигатай тэмцэх газар хянаад, шалгаад цагаан дээр хараар албан тоотоо гарган УИХ-д хүргүүлсэн. Иймээс би өөрөө хэлэх биш төрийн чиглэлийн газар нь шалгачихсан тул энэ асуудлаар нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй. Би салбартаа ашиг сонирхлын зөрчилгүй. Ашиг сонирхлын зөрчил гэдэг хуультай нэгдсэн ойлголттой асуудал. Би ч хуулийн хүрээнд ойлгодог.
-Уучлаарай таныг томилох үед яригдаж байсан нэг зүйлийг асууя. Таныг их аварга Д.Дагвадоржийн төрсөн ах гэдгээр чинь харсан уу, сайдын томилгоон дээр Ерөнхийлөгч Х.Баттулга таны нэрийг оруулж ирэхэд анхаарсан гэх мэдээлэл бий. Та сайд болох тухай анх хэзээ сонсов, ямар байдлаар нам дотроо шийдэгдсэн юм гэдгийг нэг асуучих уу. Магадгүй олон нийтийн дунд явж буй уг мэдээлэлттэй холбогдуулаад та өөрийн байр сууриа илэрхийлчих нь зүйтэй байх?
-Ганцхан намайг ч биш сайдаар яригдсан бүх хүмүүсийг янз бүрийн байдлаар хардах, мэдээлэл тараах явдал гарсан. Энэ үеийн үед л байсан асуудал. Дүү маань Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч болохоор хүмүүс холбож хардсан байх. Дүү маань намайг МАН-ын гишүүн, улстөрч гээд өөрийн үзэл бодлоо хаагаад суух аргагүй. Хувь хүний орон зай, үзэл бодол гэж байна. Дагвадорж бол Монголын ард түмний хайртай хүү. Тэр утгаараа хийсэн үйлдэл бүхэн нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг болж байдаг. Үүнд буруу зүйл байхгүй гэж боддог. Харин ч дотоодод хийгээд гадаадад олсон нэр хүндийг нь Монгол төр, монголчууд хэрэгтэй үедээ ашиглаад авах ёстой гэж боддог. Харин сайдаар миний бие томилогдох болсон явдалтай одоогийн Ерөнхийлөгч болон дүү маань ямарч холбоогүй гэдгийг энд эцэслэн хэлэх нь зүйтэй.
У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшихээр төлөвлөж эхлэхээсээ өөрийн танхимаа хэн хэнээр бүрдүүлэн ямар багаар улс орныг авч явах вэ гэдэг тооцоогоо гаргасан байх. Өөрөө надад санал тавьсан. Ачааны хүндийг үүрэн хамтдаа зүтгэе гэсэн саналд нь би зөвшөөрсөн. Түүнээс хүмүүсийн яриад байгаа шиг хэн нэгэн хүнээр дамжуулаад зуучлуулаад байсан юм байхгүй. Би МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга, нийслэлд нэг, УИХ-д хоёр сонгогдсон гишүүн хүн. Надад намынхаа дарга нь ч бай, цэрэг нь ч бай хэнтэй ч харьцсан, асуудал ярьсан зуучлагч хэрэггүй.
-Та Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан хүмүүсийн нэг. Өнгөрсөн Засгийн газрыг яагаад огцрох ёстой гэж үзсэн юм. Тухайн үед гарын үсэг зурсан хүмүүс сайд болохгүй гэж мэдэгдэж байсан ч өнөөдөр зарим нь сайд болцгоосон нь бий. Таныг ямар эрх ашгийн үүднээс Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж байсан бэ гэдгийг асуух байна?
-Өнгөрсөн Засгийн газар концессийн гэх мэтээр хууль бус үйл ажиллагаанууд явуулсан, дээрээс нь ахицтай, тууштай ажиллаагүй. Иймээс МАН олонх болоод байгаа энэ цаг үед улс орныг, эдийн засгийг өөд нь татах хэрэгтэй гэж үзээд огцруулах бичигт гарын үсэг зурсан. Бид МАН гэдэг том айлд багтаж байгаа гишүүд. Төрд төлөөлж байгаа төлөөлөл. Иймээс тэр энэ фракц гэхээсээ илүүтэй дөрвөн жилийн доторх энэ хугацаандаа улс оронд МАН үүнийг хийлээ гэсэн ололттой, 2020 оны сонгуулиар нүүр дүүрэн ард түмэнтэйгээ уулзах ёстой л гэж би бодсон. Миний итгэл үнэмшил ийм л байсан.
Мөн шуудхан хэлэхэд 60 тэрбумын гэх хэргээс болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар манай нам ялагдсан гэж би дүгнэдэг. Иймээс тэр схемийг намын даргад танилцуулаад зогсож байсан Сандуй, Ганбаатар гэх мэтийн нөхдөд хариуцлага тооцох ёстой байсан. Толгойг нь илээд өөгшүүлээд явсанаараа 90 гаруй жилийн түүхтэй намыг маань гадна талд муухай харагдуулсан, бүх гишүүд нь шударга бус мэт ойлголтыг олон нийтэд өгсөн. Тэр бичлэгийг та сонссон байх. 60 тэрбумын ажиллагаагаа явуулахад саад болно гээд миний нэрийг хэлдэг. Тэднийг тийм юм яриад явж байхад би дүүргийн намаа хүн шиг аваад явъя, нийслэлд болон УИХ-д Сонгинохайрхан дүүргээрээ 100 хувь ялалт байгуулъя гэж зүтгэсэн. Санасандаа ч хүрч 2016 оны сонгуулиар нийслэлд 9, УИХ-д зургаа нийт 15-уулаа ялалт байгуулсан. Сонирхолтой нь Сонгинохайрханаас гарсан нийслэлийн есөн төлөөлөгчийн нэг нь Сандуй. Намын нэр хүндийг өргөөд бэлдчихсэн хөрсөн дээр ирээд ялалт байгуулсан хүн маань цаашаа хараад юу төлөвлөөд яриад явсныг өнгөрсөн хойно нь л мэдсэн юм шүү.
-Шинэ Засгийн газар байгуулагдсанаар урьдахаасаа юу өөрчлөгдөх юм. Яаж ажиллах ёстой юм. Хуучнаасаа дээрдэхгүй бол гэсэн хүлээлт та бүхний өмнө үүссэн байгаа. Ийм үед та юуг чухалчилж ямар зарчим, бодлого баримтлан ажиллах вэ?
-Том хүлээлт байгааг мэдэж, мэдэрч байна. Юуны өмнө хийх ажлаа эрэмблээд цаг алдалгүй ханцуй шамлан орно. Уул уурхай, хүнд үйлдвэр гэдэг маань хоорондоо салшгүй холбоотой. Нэг цонхны бодлого барин ажиллана. Мөн шударга ёс, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, нээлттэй ил тод байдал, улс оронд үр өгөөжөө өгөх хамгийн боломжит хувилбарыг сонгох гэсэн зарчмаар ажиллана. Ингээд ажилласны дараа аяндаа олон нийт дүнгээ тавина биз ээ. Бид УИХ-аас томилолтоо аваад дөрөв л хонож байна шүү дээ. Бид амралтын өдрүүдээр амрахгүй ажилласан, цаашдаа ч ийм байх төлөвлөгөө байна.
-Уул уурхайгаар улсын хөгжлийн суурийг тавих ёстой. Гэхдээ уул уурхайн баялгийн хуваарилтыг ард түмэндээ өгөх хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд улстөрчид их ярих болсон. Үнэндээ ард түмэнд уул уурхайгаас орж ирж буй ашгийг хүртээж чадаагүйгээс улстөрчид, эрх мэдэлтэнгүүд уул уурхайгаас ашиг хонжоо хайн “зодолддог” болчихлоо. Уул уурхайн баялгийг ард түмэн бодитоор хүртээх боломж бий юу. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Ерөнхий сайд баялгийн тэгш хуваарилалтын бодлого барьж ажиллахаа УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдсэн. Салбарын сайдын хувьд ч, Монгол хүнийхээ хувьд ч би ард түмэн байгалийн баялгаасаа тэгш хүртэх ёстой гэсэн бодолтой явдаг. Тухайлбал, 2010 онд Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудал хүчтэй яригдаж байсан. 2012 оноос энэ асуудал зогсонги байдал руу орсон. 2014 онд “Хөрөнгө оруулалтын тухай” хууль, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хууль “Үнэт цаасны тухай” хууль гээд холбогдох гол бичиг баримтуудаа баталж гаргасан. Ер нь УИХ-ын гишүүдийн дийлэнх нь компанийн засаглалыг сайжруулах, хариуцлагатай ил тод байдлыг хангаж, ард иргэддээ үр өгөөжтэй байлгах талаар захиж хэлсэн. Бид цаг хугацааг алдаж болохгүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний болон өнгөт металлийн үнэ өсч байгаа байгаа энэ боломжийг маш хурдтай ашиглаж ажиллах ёстой гэдэг зарчмын байр суурьтай байгаа. Дэлхийн хэмжээний компаниудыг бий болгох шаардлага байна. Жишээ нь Эрдэнэтийн 51 хувь, магадгүй 49 хувь нэмэгдээд ороод ирвэл 100 хувь дээр Оюутолгойн 34 хувийг нийлүүлээд үндэсний “Зэс” корпораци байгуулаад албан ёсны хувьцаа гаргаж, олон улсын бирж рүү гарган зарж борлуулах ажлыг хийж хэрэгжүүлэх ёстой. Ингэж байж бид цаашид дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, ил тод нээлттэй чадамж сайтай аж ахуй нэгжүүдийг бүрдүүлж ашиг орлогоо авч ирнэ.
-Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил дөнгөж эхэлж байгаа. Та үүнийг цааш үргэлжлүүлэн явуулах уу. Манай улс хүнд үйлдвэрийн хувьд ямар бодлого баримтлах вэ?
-Газрын тосноос сүүлийн жилүүдэд төсвийн орлогыг бүрдүүлтэд орж ирж байгаа орлого нэлээн жин дарж байгаа. Жилдээ 8.1 сая варрель нефтийг олборлож байгаа. Ер нь бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нь тогтвортой байдлын гэрээ юм билээ. Судалж үзэж байгаад холбогдох байнгын хороон дээр нь мэдээллийг өгөх ёстой гэж бодож байна. Газрын тосыг хэдий хэмжээгээр олборлоно тэр хэмжээгээрээ манай Засгийн газарт ноогдох хувь нь өсөн нэмэгдэх учиртай тодорхой заалтууд гэрээн дээр байдаг. Тухайн орон нутгийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа байдлыг харна. Тухайлбал, Матад, Сүмбэр сумын ард иргэдийн нийгмийн асуудал, газрын тосны салбарт ажиллаж байгаа монгол ажилчдын эрхийг хангаж, тогтвортой байлгах гээд олон зүйл үүний ард яригдана. Мэдээж хэрэг боловсруулах үйлдвэрийг байгуулахын төлөө явна.
Үйлдвэрлэлийн эдийн засгийн тогтолцоог эрхзүйн шинэчлэлд хийх шаардлагатай. Тэр дундаа тээвэр ложистикийн бодлогыг шинэ шатанд гаргах, нэг цонхны бодлогыг тууштай дэмжинэ. МАН-ын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зэс хайлах үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, ган боловсруулах үйлдвэр, нүүрсийг гүн боловсруулах үйлдвэр гээд хүнд үйлдвэрийг барьж байгуулах талаар орсон байгаа. Үүнийг үе шаттай хийж, хэрэгжүүлэхээр ажиллана.
-Ирэх сард МАН-ын Их хурал болно. Намын дарга хэн байх вэ гэдгээс энэ Засгийн газрын тогтвортой байх эсэх бас шалтгаална гэж буй хүмүүс бий. Ерөнхий сайд нь намын дарга байх хэрэгтэй талаар удаа дараа ч яригдаж байгаа. Таны хувьд намын даргыг ямар байдлаар ямар хүнийг сонгоосой гэж харж байна?
-Манай намын дүрмээр Ерөнхий сайд намын дарга байдаг. Намын их хурал ирэх сард хуралдана. Их хурлын гишүүд маань намынхаа, улс орныхоо ирээдүйг харсан эерэг сонголтыг хийн шийдвэрээ гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Манай нам ардчилалтай нам учраас намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулаад зарчмаараа явах болно.
Эх сурвалж: Өдрийн сонин