Гавьяат геологич Д.Гарамжав агсанд зориулж хүндэтгэлийн гэрэлт хөшөө босголоо
Оюутолгойн ордыг нээлцэхэд гол үүрэг гүйцэтгэсэн геологич, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав агсны дурсгалыг мөнхлөн Оюутолгойн уурхайн цогцолборын ил уурхайг “Д.Гарамжавын нэрэмжит ил уурхай” хэмээн нэрлэж, ил уурхай дээр хүндэтгэлийн гэрэлт хөшөө сүндэрлүүллээ.
УУХҮЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд хэлсэн үгэндээ “Дондогийн Гарамжав агсан зөвхөн Оюу толгойн ордыг нээхэд төдийгүй Эрдэнэтийн ордын хайгуулын ажилд оролцож явсан, эх орныхоо зэсийн нөөц боломжийг судлах, нээж илрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан нэр хүндтэй геологич байсан гэдгийг мэргэжил нэгт геологичид, уурхайчид дурсан санаж явдаг юм. Тэрээр Монголчуудаас анх удаа олон улсын хамгийн нэр хүндтэй “Тейер Линдсэйн нэрэмжит шагнал”-ыг Оюу толгойн ордыг нээлцсэний төлөө хүртэж байсныг хэн бүхэн санаж байгаа байхаа. Мөн тэрээр олон арван эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвиж байсан эрдэмтэн хүн байлаа.
Түүний геологи, уул уурхайн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж Аж үйлдвэрийн гавъяат ажилтан хэмээх хүндтэй шагналаар шагнаж байсан.
Дондогийн Гарамжав агсны замналын дагуу залуу геологичид, уурхайчид Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ажиллана гэдэгт гүн итгэлтэй байна.” гэлээ.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав нь 1967 онд МУИС-ийг зураглалын инженер, геологич мэргэжлээр дүүргээд Чойрын Геологийн удирдах газраас ажлын гараагаа эхлүүлснээс хойш хагас зууны турш эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр зүтгэж, “зэсийн Гарамжав” хэмээн геологи, уул уурхайн салбартаа алдаршсан юм. Энэ насны амьдралаа эрдэс баялгийн эрэлд зориулсан тэрбээр Эрдэнэт, Цагаан суварга, Дорнод Монгол, Завханы Оюут толгой, Өмнөговийн Оюу толгойн бүлэг ордод хайгуул, судалгаа хийж байв.
Эх орныхоо эрдэс баялгийн салбарт гүйцэтгэсэн үүрэг, хийсэн бүтээл, байгуулсан гавьяаг нь төрөөс өндрөөр үнэлж 2008 онд Монгол Улсын гавьяат цол хайрласан бол 2014 онд ард түмнийхээ саналаар эрхэм хүндтэй “Монголын бахархал” шагналын эзэн болсон.
Гавьяат геологич Д. Гарамжав агсан Оюу толгойн зэс-алтны бүлэг ордын геологийн гарал үүсэл, тогтоц, эрдсийн нөөц, баялгийн хэмжээг шинжлэн судлах нөр их ажилд амьдралынхаа сүүлийн хорь гаруй жилийг зориулсан юм. Тэрбээр эрлийн шалгуур, газрын ховор элементийн талаарх гарын авлага, орчуулгын бүтээлүүд, Оюу толгойн уурхайтай холбогдсон түүхийг өгүүлсэн хоёр дэвтэр зэрэг нийт зургаан бүтээл хэвлүүлсэн юм.