ХБНГУ МОНГОЛЫН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ, ТЕХНОЛОГИ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графийг хүлээн авч уулзан Монгол, Германы эдийн засаг, уул уурхай, аж үйлдвэр, технологи, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд АҮЭБ-ын сайд Г.Дамдинням Элчин сайд Томас Графыг Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Тэрбээр ХБНГУ-ыг Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түншүүдийн нэг бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бодит төсөл, хөрөнгө оруулалтаар өргөжүүлэх боломж их байгааг онцоллоо.
Талууд хоёр орны Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тус хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх шинэ төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлох асуудлаар санал солилцов.
Энэ хүрээнд шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлэх, нүүрснээс шингэн түлш боловсруулах технологийн судалгаа хийх, уул уурхайн инженер, мэргэжилтэн бэлтгэх, уурхайн хаалт болон нөхөн сэргээлтийн чиглэлээр Германы туршлага, технологийг нэвтрүүлэх боломжийг онцлов.
Мөн чухал ашигт малтмал, газрын ховор элемент болон түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэхэд Германы технологи, инженерийн мэдлэг, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцлаа.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Граф уул уурхайн олборлолтын чиглэлд Монголд үйл ажиллагаа явуулж буй компани одоогоор хязгаарлагдмал боловч түүхий эд боловсруулах чиглэлээр өндөр технологи, нарийн мэргэшсэн Германы компаниуд бий гэдгийг онцолж, Монголын компаниудтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний салбарт Германы туршлага, технологийг ашиглах боломжтойг онцолж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, боломжийг өндөр үнэлж, энэ чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Боловсрол, хүний нөөцийн хамтын ажиллагаа уулзалтын бас нэг гол сэдэв байв. 2011 оны хэлэлцээрийн хүрээнд 2013 онд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн төслийг эхлүүлсэн бөгөөд тус сургуулийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх, уул уурхай, технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр боловсон хүчин бэлтгэх боломжийн талаар ярилцлаа.
Мөн монгол оюутнуудыг Германд сургах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, богино болон урт хугацааны мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар боллоо.
Талууд цаашид эрдэс баялаг, чухал ашигт малтмал, технологи, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, хүний нөөц, шатахууны эх үүсвэрийн төрөлжилт зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалт болгон хөгжүүлэхээр санал нэгдэв.

