АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН ОХУ-ЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН М.В ВАСИЛЬЕВИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уулзалтад Засгийн газрын Ахлах референт Н.Буяндэлгэр, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдын зөвлөх Ш.Ганхуяг, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцож хоёр улсын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Мөн ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаатай холбогдуулан ОХУ-ын зүгээс Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой ханган нийлүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монгол Улсын Их Хурлын 2024 ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газраас цаашид аж үйлдвэр, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ашигт малтмалын боловсруулалтад тэргүүн зэргийн ач холбогдол өгч байгаатай холбогдуулан “Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам”-ыг шинээр байгуулсныг онцлон талууд хамтран ажиллахад боломжтой талаар илэрхийлэв.
#Аж_Үйлдвэр_Эрдэс_баялгийн_яам