Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зам, тээврийн групп компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай товч танилцууллаа. Төлөөлөгчид компанийхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөд, Монгол Улсаас нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг цаашид урт хугацаанд, их хэмжээгээр худалдан авах сонирхолтой, энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрс, зэс, жонш зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүний худалдааг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд нээлттэй, ил тод явагдаж байгааг АҮЭБЯ-ны удирдлагуудын зүгээс онцлон тэмдэглээд, цаашид биржээр дамжуулан урт хугацаанд худалдан авах, гэрээ байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгааг дурдав.
Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хамран 10 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулах “Уул уурхайн долоо хоног (Mining week-2024)” арга хэмжээ болон “MinePro” уул уурхайн үзэсгэлэнд оролцохыг урив.
#Аж_үйлдвэр_эрдэс_баялгийн_яам