БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БОЛОН ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

2026.07.21
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын алба хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд талууд ил болон далд уурхайн аюулгүй ажиллагааг хангах, уул уурхайн аюулгүй ажиллагааны хууль тогтоомжийн зөрчил доголдлыг арилгах, тавигдах шаардлага, стандартуудыг сайжруулах, аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар дахь хяналт шалгалтад дижитал технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.

Мөн “Монгол Улсын Үндэсний геологийн алба Бүгд Найрамдах Тажикистан Улсын Геологийн ерөнхий газартай геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулж Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг гарын үсэг зурав. Талууд геологийн шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа тогтоох, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, Үндэсний геологийн албаны мэргэжилтэн, судлаачдын чадавхийг бэхжүүлэх, туршлага солилцох, геологийн зураг зохиох, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар болов.