Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын VI хуралдаан боллоо
Австрийн нийслэл Вена хотноо Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын VI хуралдаан энэ сарын 23-ны өдөр болж өнгөрөв. Тус хуралдааныг Монгол Улсын талаас Уул уурхайн сайд Р.Жигжид, Австри Улсын талаас Шинжлэх ухаан, судалгаа, эдийн засгийн дэд сайд М.Гиерлингэр нар хамтран даргалав.
Талууд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тухайлбал эрдэс баялаг, эрчим хүч, санхүү, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт тодорхой алхам үргэлжлүүлэн хийх талаар санал солилцож, зарим үр дүнд хүрэв.
Ашигт малтмалын иж бүрэн түншлэлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үзэглэж, Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хоёр дахь шатыг эхлүүлэх зарчмын тохиролцоонд хүрэв.
Хуралдааны хүрээнд Уул уурхай, ашигт малтмалын салбарын шинжээчдийн уулзалт, хоёр талын бизнесийн төлөөлөгчдийн уулзалтыг тус тус зохион байгууллаа.
Австрийн талаас монгол эмч, мэргэжилтэн нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг Грац хотын Анагаах ухааны их сургуульд зохион байгуулахыг санал болгов.
ЗГХХК-ын VI хуралдааны үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид Австрийн Шинжлэх ухаан, судалгаа, эдийн засгийн яамны Эрдэс баялаг, уул уурхайн дэд сайд К.Шөнбауертэй хоёр талын уулзалт хийж, эрдэс баялагийн салбарт хамтран ажиллах нөөц боломжийн талаар санал солилцов.