Сайд Д.Сумъяабазар БНЭУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2018.04.24/ БНЭУ-ын Гадаад хэргийн яамны Дэд бүтэц хариуцсан зөвлөх Панкаж Кумар Сингх болон тус улсын “Инженерс Индиа Лимитед”, Итали Улсын “КТ-Кинетикс Технологи”, “Прометеус” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Сайд Д.Сумъяабазар Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад хамтран ажиллаж буйд БНЭУ-ын төлөөлөгчдөд талархлаа дахин илэрхийлж, төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас хүсч байгааг дуулгав. Мөн Уул уурхай, хүн үйлдвэрийн яамны зүгээс ч газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахад онцгой ач холбогдол өгөн ажиллаж байгааг хэлсэн юм. Тиймээс үйлдвэрийг байгуулахад хоёр улс харилцан ойлголцож, нягт хамтран ажиллах, төслийг хугацаанд нь хийж гүйцэтгэх хэрэгтэйг онцлов.
Ноён Панкаж Кумар Сингх газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ажлын хэсгийнхэн хүчин чармайлт гарган хамтран ажиллаж буйд талархсанаа хэллээ. Мөн БНЭУ-ын зүгээс ч Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажилд ач холбогдол өгөн ажиллаж байгааг онцлоод тус улсаас Монгол Улсад зээлж байгаа нэг тэрбум ам.долларын өртөгтэйгөөр баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцын талаар мэдээлэл өгсөн юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.