НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН БООМТУУДАД ХАЛДВАР ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛНА
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний экспортын боомтууд дахь халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.
Гашуунсухайт боомт, Цагаан хадны суурьшлын бүсийн халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор ПГУ молекул, биологийн лаборатори байгуулж, лаборатори, тандалт судалгаа хийх эмч, эмнэлгийн ажилтан, эргүүл хамгаалалтад шаардлагатай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг батлагдсан төсвийн хүрээнд шилжүүлэн ажиллуулна.
Мөн Нарийнсухайтын бүлэг ордын үйл ажиллагааг дэмжиж, нүүрсний экспортыг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор ПГУ-ын шинжилгээ хийх молекул биологийн лаборатори, аппарат, тоног төхөөрөмжийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Нүүрсний экспортын боомтуудад халдвар хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглагдах, туулах чадвар сайтай хоёр автомашиныг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт худалдан авч өгнө.
Өмнөговь аймгийн “Говь Гурвансайхан” нисэх буудлыг олон улсын нөөц нисэх буудал болгон, өргөтгөн шинэчлэх зураг, төсөл боловсруулна.
Гашуунсухайтын хилийн боомт, Цагаан хадны суурьшлын бүс, хил орчмын нүүрс тээврийн бүсэд нүүрсний тээврийн хэрэгсэл, жолооч нарын хэт бөөгнөрөл бий болгохгүй байх зорилгоор боомтын нэвтрүүлэх бодит нөхцөл байдалтай уялдуулан улс хооронд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийн нийт тоонд зохицуулалт хийж хязгаарлан, халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо.